Дэлхийн улс орнуудад коронавируст халдварт /Ковид-19/ цар тахлын дараах эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан бүтээн байгуулалтын ажлууд идэвхжих, олон улсын тээвэр ложистик, хилийн боомтын халдвар хамгаалалтаас үүссэн нөхцөл байдал, барилгын материалын үнэ ханшны өөрчлөлт, хомсдол, бусад хүчин зүйлээс хамааран барилгын төсөвт өртөг өсч байна. Өнөөдөр Барилга, хот байгуулалтын яамнаас хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нар оролцлоо.
Өнөөдрийн байдлаар огцом өсөлттэй байгаа зарим барилгын материалуудаас дурдвал:
Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.10 дахь заалтын дагуу Барилга байгууламжийн үнийн индексийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх барилга, байгууламжийн төсөвт өртгийг урьдчилан тодорхойлох, төлөвлөх, хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцох, төсөл хөтөлбөрийн тооцоо, судалгаа хийх, ТЭЗҮ боловсруулах, барилга байгууламжийн үнийн өөрчлөлтийн нөлөөллийг тогтоох зэрэгт хэрэглэхээр заасан.
Барилга байгууламжийн 2021 оны хагас жилийн үнийн индексийг Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн, Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 156 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн үнийн индекс тооцох дүрэм” /БД81-105-17/-д орсон өөрчлөлтийг үндэслэн:
- Барилгын төрөл, зориулалтаар /орон сууц, олон нийт иргэний барилга, инженерийн шугам сүлжээ, үерийн далан/;
- Барилга байгууламжийн төсөвт өртгийн зардлын төрлөөр /цалин, материал, машин механизм, тээвэр бусад зардал/;
- Барилгын үе шатны ажлаар тус тус тооцсон.
Барилга байгууламжийн үнийн индекс нь Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 203 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээтэй харьцуулахад 1.74, тайлант оны үеийн /2020 он/ үнэ, тарифтай харьцуулахад 1.45 (2021.06.30-ны өдрийн байдлаар 1.45, 2021.08.30-ны өдрийн байдлаар 1.48, 2021.09.30-ны байдлаар 1.45 Хавсралт 1) байх тооцоолол гарч байна.
Энэхүү индексийг тодорхойлохдоо төсвийн норм, нормативын баримт бичгийн өөрчлөлт /цалингийн тариф, хөдөлмөр зарцуулалт, материалын үнэ/-ийг тооцсон бөгөөд тээврийн үнэ, тарифт Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан тушаал өөрчлөгдөөгүй тул тээврийн үнэ тарифыг 2020 онтой харьцуулахад 1.00 гэсэн индексээр тооцсон.
Мөн Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны А/78 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн өртгийн индекс тооцох аргачлал”-аар тооцсон барилгын өртгийн индекс 1.36 (Хавсралт 2), Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 114 дүгээр тушаалаар баталсан “Барилга байгууламжийн үнийн индекс тооцох дүрэм” /БД 81-105-17/ (Хавсралт 3)-ын дагуу, барилга байгууламжийн үнийн индекс 1.45 байна.
Нэг үгээр барилгын материал 36-40 хувиар өссөнийг хоёр аргачлалаар тооцож гаргаад байна.
Одоо хэрэгжиж байгаа барилгын ажлуудын үлдэгдэл гүйцэтгэл дээр үнийн өсөлтийн магадлалаар тооцож төсөвт дахин тусгана.
Тиймээс яамнаас үнийн өсөлттэй нөхцөлд хэрхэн ажиллахаа тодорхойлсон. Мөн холбогдох байгууллагуудтай хамтраад үнийн өсөлтийн шалтгаан зайлшгүй байгаа эсэхийг хянана. 2021 оны нэгдүгээр сараас өмнө ажил нь эхэлсэн урт хугацааны төсөлд энэхүү индексийг барина. Улсын төсөвт магадлалаар тусгана. Өөрөөр хэлбэл одоо үргэлжилж байгаа барилгын ажлуудын үлдэгдэл гүйцэтгэл дээр үнийн өсөлтийн магадлалаар тооцож төсөвт дахин тусгана. 2022 оны барилгын төсөвт амжихгүй бол 2023-2024 оны төсөвт суулгах төлөвлөгөөтэй байна. Үнийн өсөлт, материалын хангамжтай холбоотойгоор төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилгуудын бүтээн байгуулалт удаашралтай байна. Импортоор оруулж ирж байгаа бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх зорилго тавин ажиллана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.