Улсынхаа эдийн засгийн 20 орчим хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлдэг байсан Тайланд улс цар тахлын хорио цээрийн үед нилээдгүй хүнд байдалд орсон. Тэгвэл тус улс ирэх 11 дүгээр сарын 1-ний өдрөөс Ковид-ын эрсдэл багатай 10 улсын бүрэн вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд тусгаарлагдах шаардлагагүй хилээр нэвтрэх боломжийг олгохоор болжээ.
Ерөнхий сайд Прают Чан Оча энэ талаар танилцуулахдаа уналтад орсон аялал жуулчлалын салбарыг эргэн хөл дээр нь босгох чухал алхам гэдгийг онцолсон байна. Тусгаарлалтгүйгээр иргэдийг хүлээж авах 10 орны жагсаалтад Их Британи, Хятад, Герман, АНУ, Сингапур зэрэг улсууд багтсаныг Ерөнхий сайд хэлсэн ба бусад таван улсын нэр хараахан тодорхой болоогүй. Дээрх улсын иргэд вакцины гэрчилгээнээс гадна нислэгийн өмнө ба дараа коронавирусийн шинжилгээ өгч халдвар аваагүй гэдгээ батлах юм.
Мөн жуулчдыг тусгаарлалтгүй эргэн хүлээж авах болсонтой зэрэгцэн 12 дугаар сарын 1-ний өдрөөс олон нийтийн зугаа цэнгэлийн гудамж талбайнуудыг эргэн нээж, согтууруулах ундааны худалдаа наймааг зөвшөөрөх юм байна. Ийнхүү шат дараалалтайгаар бусад орнуудаас ч мөн жуулчид хүлээж авахаар Тайландын эрх баригчид төлөвлөж байгаа ажээ.
Жилдээ 40 сая жуулчин очдог байсан тус улсын аялал жуулчлалын салбар өнгөрсөн жил 50 тэрбум ам.долларын алдагдалд орсон байна. Энэ оны эхний найман сард ердөө 70,000 жуулчин хүлээж авчээ.
Тайландад цар тахлын нийт 1,7 сая тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 18,000 орчим хүн нас бараад байгаа юм. Аялал жуулчлалын салбар сүүлийн 20 жилд байгаагүй хүнд уналтад орсон тус улсын иргэдийн 43 хувь нь коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тун, 30 хувь нь хоёрдугаар тунгаа тариулжээ.
Эх сурвалж: ВВС, The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.