Испанийн Ла Палма арал дээр Кумбре Виежа галт уул өнгөрсөн сард оргилсны дараа халуун хайлмаг нь урсаж, замдаа таарсан байшин барилга, гадилын ургац талбай зэргийг сүйтгэсээр байгаа юм. Даваа гарагт халуун хайлмаг арал дээрх цементийн үйлдвэрт хүрч, шатаасан байна.
Цементийн үйлдвэрт гал гарснаар хий, хорт утаа гарсан бөгөөд ойролцоох 3,000 оршин суугчийн эрүүл мэндийг хамгаалахын тулд хөл хорионд оруулжээ. Ла Палма арлын галт уул хамгийн анх есдүгээр сарын 19-ний өдөр оргилсон бөгөөд үүнээс хойш 23 дахь хоногтоо дараалан зогсолтгүй идэвхтэй байсаар байгаа юм. Галт уулын тогооноос бараан утаа суунагласаар байна.
Одоогоор галт уулын халуун хайлмаг газар тариалангийн 591 га талбайг устгаснаас гадилын ургацын талыг нь алджээ. Мөн 80,000 хүн амтай Ла Палма арлын 1,200 барилга хайлмагт өртөж, сүйтгэгдсэн байна. Испанийн Канарын арлуудын эрх баригчид байгалийн гамшгийн улмаас гарз хохирол амссан иргэдэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.