АНУ-ын Холбооны мөрдөх товчоо жил гаруйн турш нууц ажиллагаа явуулсны дүнд Мэрилэнд мужийн гэр бүлийн хоёр хүнийг АНУ-ын цөмийн холбогдолтой нууц баримт материалыг гадны улсад цахим валютаар арилжиж гэж байсан хэргийг илрүүлэн, гэмт этгээдүүдийг баривчлан саатуулж, яллах дүгнэлт үйлдэхээр болжээ.
АНУ-ын Тэнгисийн цөмийн инженер Жонатан Тоеббе болон түүний эхнэр Диана нарыг Холбооны мөрдөх товчоо болон Тэнгисийн гэмт хэргийг мөрдөн байцаах газар хамтран өнгөрсөн бямба гарагт баривчилсан байна. Тэдний мэдээлэл худалдахыг оролдсон гадны хүн үнэн хэрэгтээ Холбооны мөрдөх товчооны нууц ажилтан байсан тул хэргийг нотлох баримттай илрүүлсэн гэж Америкийн Шүүх яамны мэдэгдэлд дурджээ. Уг мэдэгдэлд Тоеббе нь тэнгисийн цөмийн хөдөлгүүр, цөмийн цэнэгтэй байлдааны усан онгоцуудын реакторын бүтэц, үйл ажиллагаа зэрэг цэргийн бүтцийн нууц мэдээллийг худалдахыг оролдсон хэмээн дурдсан байна.
Уг гэр бүлийн талаарх мэдээлэл 2020 оны дөрөвдүгээр сард анх ирсэн ба түүнээс хойш Холбооны мөрдөх товчооны нууц ажилтан хэргийг илрүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэжээ. Тэд нууц ажилтныг худалдан авагч гэж андууран мэдээлэл дамжуулах гэж байгаад Баруун Виржиниагаас баригдсан байна. Цөмийн эрчим хүчний хууль зөрчиж нууц мэдээллийг бусдад хууль бусаар дамжуулсан хэрэгт тэднийг буруутгаж байгаа ажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.