Австрали улсын Сидней хот дөрвөн сар орчмын турш коронавируст цар тахлын тархалтыг зогсоох хөл хорионд байсан юм. Тэгвэл энэ даваа гарагаас эхэлж хөл хориог цуцалсан байна.
Ням гарагаас даваа гарагт шилжих шөнө дундад хөл хорио цуцлагдсаныг тэмдэглэж хотын иргэд зоогийн газар, дэлгүүр, цэнгээний газруудын гадаа урт дараалал үүсгэн зогсжээ. Хэдий харуй бүрий болсон ч 107 хоногийн хөл хорионы дараа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа иргэд ихээр баярласан байна.
Ковид-ын эсрэг хөл хорионы үеэр тус хотод гэрээсээ таван км-т хол гарахыг хориглосноор гэр бүлүүд уулзаж чадалгүй бараг дөрвөн сарын хугацаа өнгөрчээ. Хэдийгээр хөл хориог цуцалсан ч бүрэн вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хамааралтай бөгөөд дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдэд үйлчилгээний газрууд үйлчлэхээс татгалзаж байна.
Даваа гарагт кафе, зоогийн газруудаас гадна бялдаржуулах төв, номын сан, усан сан болоод үсчин, хумсны салонуудын гадаа урт дараалал үүсчээ.
Австралийн хамгийн том хот Сиднейн 16-аас дээш насны оршин суугчдын 70 хувь нь коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг тариулсан байна. Ковид-ын дельта хувилбар тархаж халдварын тоо 50,000-ыг давж, 439 хүн нас барсан тул Сиднейн эрх баригчид зургадугаар сард хөл хорио тавьсан юм. Хөл хориог хянан хэрэгжүүлэхэд Австралийн арми цэргүүдээ илгээсэн билээ.
Нийслэл Канберра болон Мэлбурн хотуудад тавьсан хөл хориог энэ сарын дундуур цуцлах мэдээ байна. Мөн Күйнслэнд, Баруун Австрали, Өмнөд Австрали, Тасмани, Умард мужууд халдварын тархалт өндөр бусад мужуудтай хилээ хааснаас хойш халдвар илрээгүй хэвээр байгаа ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.