АНУ-ын Калифорни муж бэлгийн харилцааны үеэр халдварт өвчин болоод хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах зориулалттай бэлгэвчийг харилцан зөвшилцөлгүй сугалж авах нь хууль бус үйлдэл гэдгийг хууль эрхзүйн хүрээнд зохицуулсан анхны муж болжээ. Мужийн захирагч Гэвин Ньюсом өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт мужийн иргэний эрхийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан хувилбарт гарын үсэг зурсан байна.
Ингэснээр бэлгийн харилцааны үед зөвшөөрөлгүй бэлгэвчийг авснаас болж халдварт өвчин авах, жирэмслэх зэргээр хохирол амссан иргэдийг хуулийн хүрээнд хамгаална. Калифорнийн зөвлөлийн гишүүн Кристина Гарсиа хуулийн төслийг анхлан санаачилж, мужийн эрх баригчдад 2017, 2018 онуудад удаа дараалан танилцуулсан байна.
Үндэсний анагаах ухааны номын сангийн 2019 онд хэвлэсэн сонинд 21-30 насны эмэгтэйчүүдийн 12 хувь нь бэлгийн харилцааны үед хамтрагч нь харилцан зөвшилцөлгүй хамгаалалт хэрэглэхээ больсон тохиолдолтой учирж байсан гэдгээ хэлжээ. Мөн Австралийн Монаш их сургууль гурван эмэгтэй тутмын нэг, таван эрэгтэй тутмын нэг ийм үйлдэлтэй тулгарч байсан гэх судалгааг хийжээ. Мөн эрчүүдийн дунджаар 10 хувь дээрх үйлдлийг давтан хийсэн байдаг гэж үзжээ.
Их Британи, Шинэ Зеланд, Герман улсуудад ч мөн дээрхтэй ижил төстэй байдлаар хохирол амссан иргэд хууль шүүхийн байгууллагад гомдол гаргадаг ч тэдний хэргийг авч хэлэлцэх нь тун ховор тохиолдол ба батлахад тун бэрх явдал гэж үздэг байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.