БНЧУ-д энэ сарын 8-9-ний өдрүүдэд буюу өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Парламентын сонгууль болсон. Энэ удаагийн сонгуульд сөрөг хүчний нам ялалт байгуулсан нь урьдчилан таамаглаагүй, гэнэтийн үйл явдал болсон гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Сөрөг хүчний нам ялалт байгуулсны дараа Чехийн 77 настай төрийн тэргүүн Милос Земаны биеийн байдал гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр тамхи ихээр татдаг бөгөөд согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэдэг байсан ажээ. Мөн чихрийн шижин өвчтэй байсан тул тэргэнцэр ашигладаг байжээ.
Ерөнхийлөгч сонгуулийн дараа шинэ Засгийн газар бүрдүүлэх яриа хэлэлцээрийг удирдахаар төлөвлөсөн байв. Нийслэл Праг хотын Цэргийн төв эмнэлгийн захирал Мирослав Заворал ноён Земан эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн гэдгийг мэдэгджээ. Түүний өвдсөн шалтгааныг тогтоож, оношийг тодруулсан боловч төрийн тэргүүний хүсэлтээр мэдээлэл өгөх боломжгүй гэсэн байна.
Эх сурвалжийн дамжуулснаар Ерөнхийлөгч Ерөнхий сайд Андреж Бабистай ням гарагийн өглөө уулзсаныхаа дараа бие нь гэнэт муудаж, Праг дахь Ерөнхийлөгчийн ордноос эмнэлэгт хүргэгджээ. Ерөнхий сайд Бабисын удирдаж буй популист ANO нам дөрвөн жил эрх барьсны дараа сонгуульд ялалт байгуулахаар төлөвлөж байсан ч төвийг сахигч Spolu намд ялагдал хүлээсэн байна. Тус нам Либерал Пайретс, Майорс эвслүүдтэй хамтарснаар Парламентын 200 суудлын 108-ыг эзлэхээр болжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.