АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар энэ оны төгсгөлөөс өмнө цахим уулзалт хийх болсныг мэдэгдлээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жек Сулливан БНХАУ-ын тэргүүн дипломатч Ян Жиэчи нар уулзсаны дараа төрийн тэргүүнүүдийн цахим уулзалтыг төлөвлөжээ.
Хоёр улсын өндөр дээд албаныхан харилцаа холбоогоо сайжруулах зорилгоор Швейцарийн Цюрих хотод зургаан цаг үргэлжилсэн дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан байна. Цюрих хотын нисэх буудлын зочид буудалд хаалттай хаалганы цаана болсон уг дээд хэмжээний уулзалт Сулливан болон Жиэчи нарын энэ онд хийсэн анхны нүүр тулсан уулзалт болжээ.
Өнгөрөгч есдүгээр сарын 9-ний өдөр Жо Байден, Си Зиньпин нар утсаар ярьсны дараа Америкийн албаныхан дээд хэмжээний уулзалт хийх санал тавьсан байна.
Дэлхийд тэргүүлэх хоёр гүрний харилцааг муутгах хэд хэдэн үйл явдал ойрын хугацаанд болсон. Хятад Тайваний агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү байлдааны зориулалттай 150 орчим онгоц илгээсэн бөгөөд Америк Австралид цөмийн хүчин чадалтай шумбагч онгоц худалдах болсон зэрэг нь уур амьсгалыг хурцатгасан. Уламжлал ёсоор хүний эрх, худалдааны зөрчил зэрэг нь хэзээд маргааны сэдэв байсаар байна.
Энэ сарын 30, 31-ний өдөр Итали улсад болох Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалтаар Байден, Зиньпин нар нүүр тулан уулзана гэж ажиглагчид таамаглаж байсан боловч өнгөрсөн жилийн эхэнд коронавируст цар тахал дэлхий дахинд тархсанаас хойш Хятадын дарга эх нутгаа орхиж гараагүй тул энэ удаад ч мөн Итали улсад биечлэн ирэхгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.