Монгол Улсын уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг олон тулгуурт болгож, хөдөө орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, экспортыг төрөлжүүлж, нэмэгдүүлэхэд манай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар, түүн дотроо сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын үүрэг, оролцоо, тогтвортой хөгжил чухал.
Манай улс жилд 900 гаруй сая литр сүүг мал аж ахуйгаасаа бэлтгэх, үйлдвэрлэх боломжит нөөцтэй. Малын тоо толгойн өсөлттэй зэрэгцэн энэ боломж бололцоо улам нэмэгдэж байна.
Хүүхдийн өсөлт, хөгжилтөд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нэн чухал гэдгийг та бид мэднэ. Монгол Улсын хүн амын 40 орчим хувийг 18 хүртэлх насны хүүхэд бүрдүүлдэг учир сүүний салбарыг эрчимтэй хөгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай юм.
Сүү боловсруулах дотоодын томоохон үйлдвэрүүд олон улсын стандарт, дэвшилтэт техник, технологи нутагшуулж байна. Гэвч бидэнд суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглах, сүүний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, гарцыг нэмэгдүүлэх, сүүний чанарыг баталгаажуулах, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон тулгамдсан асуудал бий.
Иймээс бид сүүний салбарыг стратегийн хувьд тогтвортой хөгжүүлэх, малчид, фермерүүдийн орлогыг тогтворжуулах, амьдралын чанарыг сайжруулах, сүүний нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ойн хүрээнд “Ази тивийн сүүний түншлэлийн хэтийн төлөв” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран зохион байгуулж байна.
Уулзалтаар Ази тивийн сүүний түншлэлийн хэтийн төлөв, Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагаа, цаашдын зорилт, мөн Монгол Улсын сүүний салбарын өнөөгийн байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга, мэдээлэл хийж хэлэлцүүллээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.