Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзоригийг АТГ-ынхан цагдан хорьж шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрөв.
Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авхуулдаг байсан гэх хэрэгт буруутган шалгаж буй юм. Түүнчлэн бусдыг дарамтлан Богд хан уулын Арцатын ам дахь эзэмших эрхийнх нь хугацаа дууссан нэг га газрыг 1.6 тэрбум төгрөгөөр нэгэн иргэнд “шахаж”, 80 сая төгрөгөөр хохироосон гэх үйлдэлд ч шалгуулж буй гэдэг.
Өмсөх хувцсаа худалдан авах мөнгөө өөрөөсөө гаргалгүй, цар тахлын үед үйл ажиллагаагаа арай гэж явуулж буй аж ахуйн нэгжийнхнийг дарамтлан хахууль авч байсан Ж.Ганзоригийн гэм буруутай, эсэхийг хууль хяналтын байгууллага удахгүй хэлэлцэн шийдвэрлэх биз.
Мэргэжлийн хяналтын байгууллагын дээрх албан тушаалтнаас гадна өөр нэг бус байцаагчийг нь АТГ-ынхан эрүүгийн хэрэгт шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Хариуцсан салбар, агентлагт нь ийнхүү авлига, хээл хахууль арилаагүй, аж ахуйн нэгжийнхнийг дарамталсаар буйг Шадар сайд С.Амарсайхан та анхааралдаа авна уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.