Францын католик сүм хийдэд явуулсан мөрдлөг, шалгалтаар 1950 оноос хойш 300,000 орчим хүүхэд бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж байсныг тогтоосон юм. Тэгвэл эдгээр хохирогчдын төлөөлөл гэм буруутай этгээдүүдэд арга хэмжээ авч, энэ явдлыг таслан зогсоохын тулд чухал алхам хийхийг шаардсан байна.
Ватиканы мэдэгдэлд Ромын пап Францис мөрдлөгийн дүнг сонсоод ихэд шаналсан хэмээн дурджээ. Хүчирхийлэлд өртсөн хохирогчдын дийлэнх нь эрэгтэй хүүхдүүд байгаа юм. Хохирогчид католик сүм хийдэд хандан нөхөн төлбөр олгохыг хүсч байна.
Хохирогчдыг төлөөлсөн төрийн бус байгууллагуудын удирдлагууд багахан хэмжээний төлбөрийн тухай яриагүй, зовж шаналсан хүн бүрт тус болох хэмжээний нөхөн төлбөрийг шаардаж байгаа гэдгээ илэрхийлжээ. Францын католик сүм хохирогчдод туслах санхүүгийн хандив тусламжийн сан бүрдүүлэхээр төлөвлөж байгаагаа өмнө нь мэдээлсэн юм.
2,500 хуудас үргэлжилсэн мөрдлөг шалгалтын тайланд бичсэнээр олон зуун мянган хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт 3,000 гаруй лам, номлогч, шашны сургуулийн багш нар холбогдож байгаа ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.