Алдарт "Star Trek" цувралын ахмад Киркийн дүрд тоглосон жүжигчин Уильям Шатнер жинхэнэ сансрын аялалд гарахаар болжээ.
АНУ-ын тэрбумтан Жефф Безосын сансрын аялал жуулчлалын "Blue Origin" компанийн "New Shepard" сансрын хөлөг Шатнерыг ирэх 10 дугаар сарын 12-нд сансарт хөөргөх аж. Ингэснээр 90 настай Уильям Шатнер сансарт ниссэн хамгийн өндөр настай хүн болох юм.
Тэрээр энэ талаар "Би сансрын тухай урт удаан хугацааны турш сонссон. Харин одоо энэ завшааныг ашиглан өөрийн биеэр үзэх гэж байна. Ямар гайхалтай хэрэг вэ" хэмээн албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.
"Blue Origin" компанийн анхны сансрын нислэг өнгөрсөн 7 дугаар сард болсон бөгөөд багийн гишүүдийн бүрэлдэхүүнд Жефф Безос, түүний дүү Марк Безосоос гадна сансрын аяллын анхдагч 82 настай эрхэм болон 18 настай сурагч хүү багтаж байсан билээ. Тэгвэл энэ удаагийн нислэгт Уильям Шатнертай хамт "Blue Origin" компанийн Нислэг, нислэгийн үйл ажиллагааны дэд ерөнхийлөгч Одри Пауэрс, "NASA"-гийн инженер асан болон клиник судалгааны программ хангамжийн компанийг үүсгэн байгуулагч нар оролцох аж.
Тус сансрын аялал нь өмнөх нислэгийн адил 10 минут орчим үргэлжлэх бөгөөд багийн гишүүд 100 км-ийн өндөрт гарах юм.
Канадын жүжигчин Уильям Шатнер нь 1960-аад онд "Star Trek" телевизийн цувралд ахмад Жеймс Т.Киркийн дүрд тоглон, алдар нэрд хүрсэн билээ.
Эх сурвалж: BCC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.