Олон улсын сансар судлалын станц кино зураг авалтын талбар болно. Тодруулбал ОХУ-ын уран бүтээлчид өөрсдийн биеэр сансарт нисч, олон улсын сансар судлалын станцад кино зураг авалт хийхээр төлөвлөжээ.
Оросын ахмад сансрын нисгэгч Антон Шкаплеров, кино продюссер Клим Шипенко болон жүжигчин Юлия Пересилд нар мягмар гарагт Олон улсын сансар судлалын станц руу ниснэ. Пересилд болон Шипенко нар “Challenge” нэртэй киноны зураг авалтын хэсгийг сансрын уудамд авахаар төлөвлөжээ.
Уг кино нь эрүүл мэндээсээ болж дэлхий рүү буцаж чадахгүй байгаа сансрын нисгэгчид сансарт мэс засал хийж байгаа цэргийн эмчийн түүхийг өгүүлэх ажээ. Жүжигчид болон продюсер, ахмад нисгэгчийн хамтаар Союз МС-19 сансрын хөлгөөр Европын цагаар мягмар гарагийн 04:55 цагт Казакстаны Байконур сансрын буудлаас хөөрөх юм. Хөлөг дөрвөн цаг хүрэхгүй хугацаанд зорчигчдыг сансар судлалын станцад хүргэнэ гэж тооцоолж байна.
Кино багийг Олон улсын сансар судлалын станцад Европын сансрын агентлагийн нисгэгч Томас Пескуэт, НАСА-ын эрдэмтэд Марк Ванде Хэй, Шане Кимбруг, Меган МакАртур, Японы сансар судлалын агентлагийн судлаач Аки Хошиде, Роскосмосын судлаачид Олег Новицкы, Пётр Дубров нар угтан авч, 09:30 цагт хаалгаа нээх юм. Энэ үйл явдлыг НАСА-ын албан ёсны телевизийн суваг, цахим хуудсаар шууд дамжуулах ажээ.
Бодит сансарт кино зураг авах зөвшөөрлийг Роскосмос болон Москвад төвтэй Channel One суваг, Yellow, Black and White кино агентлагуудын хамтын гэрээ хэлэлцээрийн дүнд олгосон байна. Анх удаа сансарт нисч буй жүжигчид станц дээр 12 хоносны дараа энэ сарын 16-ны өдөр эргэн эх дэлхийд газардана.
2002 онд Холливудын жүжигчин Том Крузын найруулсан IMAX баримтат киноны зураг авалтын хэсэгт сансар судлалын станц бодитоор гардаг байна. Мөн 2012 онд нээлтээ хийсэн “Apogee of Fear” шинжлэх ухааны уран зөгнөлт киноны 8 минутын хэсэгт сансар судлалын станц бодитоороо гардаг байна. Гэхдээ ОХУ сансарт бүтэн кино зураг авалт хийсэн анхны улс болох ажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.