Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Нью-Йоркийн хамгийн том компани коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээс татгалзсан 1,400 ажилтнаа халсан байна. Нортуэлл Эрүүл мэндийн газар уг мэдээллийг баталгаажуулсан ба 1,400 ажилтнаа халсан ч үлдсэн бүх ажилтан Ковид-ын эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гэжээ.
Нортуэлл компани нь 2020 оны судалгаагаар 74,000 ажилтантай, хотын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг хамгийн том байгууллага юм. Тус компанийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр дээрх шалтгаанаар ажилтнуудаа алдах харамсалтай хэдий ч эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу хариуцлагатай байж, өөрсдийгөө болон өвчтөнүүдээ эрсдэлд орохоос хамгаалах ёстой гэжээ.
Нью-Йорк дахь эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний газрууд ажилчдаа бүрэн дархлаажуулалтад хамруулах ажлыг эрчтэй үргэлжлүүлж байгаа. Вакцин хийлгэхээс татгалзсан тухайн салбарын ажилчид ажлаасаа түр татгалзах болон ажлаа бүрмөсөн алдах эрсдэлтэй тулгарч байгаа юм.
Эх сурвалж: Fox News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.