Афганистаны нийслэл Кабул хотын Ид Гах сүмийн ойролцоо дэлбэрэлт болсны улмаас дор хаяж 12 хүн амиа алдан, 32 хүн шархаджээ. Ид Гах сүмд тус улсын төрийн эрхийг булаан авсан Талибан бүлэглэлийн төлөөлөгч Забихулла Мужахидын ээжийн оршуулах ёслол болж байсан аж.
Өнгөрөгч ням гарагт болсон энэхүү халдлагын талаар Афганистаны аюулгүй байдлын албаны эх сурвалж мэдээлсэн байна. Одоогоор амиа алдсан иргэд болон шархадсан хохирогчдын тоог албан ёсоор эцэслэн гаргаагүй байгаа юм.
Уг халдлага нь Талибаны удирдагчид болон Афганистаны Түр Засгийн газрын сайд нар болоод албан тушаалтнуудыг онилжээ. Халдагчид ялангуяа Батлан хамгаалах яамны төлөөлөгчдийг онилж байсныг эх сурвалжууд тэмдэглэсэн байна.
Мужахид өөрийн Твиттер хуудаснаа "Дэлбэрэлт маш олон хүн цугларсан хэсэгт болсон бөгөөд үүний улмаас хэд хэдэн энгийн иргэн амиа алдсан" хэмээн бичжээ.
"Al-Jazeera" агентлагийн мэдээлснээр Талибаны аюулгүй байдлын албаны ажилтнууд халдлагыг зохион байгуулсан гурван сэжигтнийг саатуулаад байгаа аж.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.