Английн телевизийн од Кэти Прайс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодон, осол гаргасан болохоо хүлээн зөвшөөрчээ. Тэрээр мөн жолоодох эрхээ хасуулсан байсан бөгөөд тээврийн хэрэгсэл нь даатгалгүй байсан аж.
Прайс өнгөрөгч мягмар гарагийн 06:20 цагийн үед Баруун Сассексийн Партриж Грин хотын ойролцоо авто машинтайгаа осолдсон бөгөөд дуудлагын дагуу ослын газарт ирсэн цагдаа нар түүнийг баривчилсан байна.
Энэ үеэр тэрээр цагдаа нарт "Би мансууруулах бодис хэрэглэсэн. Жолоо барих ёсгүй байсан" гэж хэлсэн болох нь шүүх хурлаар ил болжээ. 43 настай Кети Прайс нь орон нутгийн Кроули Магистратын шүүхэд бүх гэм буруугаа хүлээсэн бөгөөд түүнийг ирэх 12 дугаар сарын 15-ны өдөр яллах юм.
Албаныхан ослын дараа Прайсыг эмнэлэгт хүргэсэн бөгөөд түүнээс шинжилгээ авахад кокайн илэрсэн тухай прокурор Дебби Жонс шүүхэд мэдэгдсэн байна.
Харин Кэти Прайсын өмгөөлөгч Жо Харрингтон "Миний ойлгосноор тэр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд ганцаардаж байсан тул ойрхон амьдардаг найзтайгаа уулзахаар явж байх үед нь осол болсон. Тэрээр сүүлийн үед томоохон хувийн асуудлуудтай тулгараад байгаа. Одоогийн байдлаар тэр дампуурал зарлах явц дунд байгаа ба түүний байшинг хураан авч магадгүй. Тиймээс энэ бол түүний хувьд үнэхээр хэцүү үе" хэмээн ярьжээ.
Шүүх бүрэлдэхүүнийг даргалсан Жули Хаттон Кэти Прайсыг дахин жолоо барихыг хориглосон бөгөөд "Бид эрхээ хасуулсан хэдий ч жолоо барьсан хүмүүсийг шоронд хийдэг" хэмээн сэрэмжлүүлсэн байна. Эцэст нь, түүнийг "Прайори төв"-д эмчилгээ хийлгэж, цаашид ямар нэгэн зөрчил гаргахгүй гэсэн нөхцөлтэйгөөр ял оноох хугацааг нь 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулжээ.
Эх сурвалж: BBC
Орчуулсан: Г.Энхсаруул
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.