Парисын шүүх Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозиг 2012 оны сонгуулийн кампанит ажлаа хууль бусаар санхүүжүүлсэн хэрэгт буруутгаж, нэг жилийн хорих ял оноожээ.
Прокуроруудын зүгээс түүнд нэг жилийн ял оноож, зургаан сарын турш шоронд хорихыг шаардсан хэдий ч Саркози ялаа гэртээ эдлэн, цахим хяналтын бугуйвч зүүхээр болсон байна.
Энэ оны 3 дугаар сарын эхээр Саркози бусдын утасны яриаг хууль бусаар чагнасан хэргээр гурван жилийн хорих ял сонссон бөгөөд үүний хоёрыг нь түдгэлзүүлсэн билээ. Ийнхүү Николя Саркози шоронд хоригдох ял сонссон Францын анхны Ерөнхийлөгч болсон юм. Түүнийг авлига болон албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт гэм буруутайд тооцжээ.
Шүүх хуралд Ерөнхийлөг аснаас гадна 13 шүүгдэгч оролцсон байна. Мөрдөн байцаагчид Бүгд найрамдах нам дахь Саркозигийн хамтрагчид болон "Bygmalion" харилцаа холбооны агентлагийг сонгуулийн кампанит ажлын үеэр зарлагын тайланг хуурамчаар үйлдсэн гэж буруутгасан юм. Прокурорын байгууллагын мэдээлж буйгаар үүнийг сонгуулийн кампанит ажилд зарцуулах зардлын хязгаарыг зөрчсөн гэдгээ нуух зорилгоор хийсэн аж.
Францын хуулиар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч 22.5 сая еврогийн кампанит ажлын зардлын дээд хязгаарыг давж болохгүй юм. Гэсэн хэдий ч Саркозигийн кампанит ажлын зардал үүнээс 18 сая гаруй еврогоор давсан бөгөөд нийт зардал нь дор хаяж 42.8 сая евро болсон гэж албаныхан үзэж байгаа билээ.
Гэвч Николя Саркози өөрөө бүх хэргийг няцааж байгаа бөгөөд кампанит ажлынхаа зардлын хэмжээг огт мэдээгүй гэж мэдүүлсэн юм. Харин шүүхээс түүнийг "Зарлагын хэмжээг мэдэж байсан хэдий ч санаатайгаар хянаагүй" гэж дүгнэсэн байна.
Эх суралж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.