Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хиргисүүрийн дэнжийн 15-р буган хөшөөн дээр тосон будгаар бичиж, 3000 жилийн тэртээд холбогдох буган хөшөөний эх төрхөд халдсан хэрэг гарсан талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэнгээс дээрх хөшөөний сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын асуудлыг тодрууллаа.
-Монгол болон Өвөр Байгалийн бугын хийсвэр дүрслэлтэй сонгодог буган хөшөөн дээр будгаар бичсэн асуудал гарсан байна. Хэргийн араас ямар ажил хийгдэж байгаа вэ?
-Соёлын өвийн эх төрхөнд халдсан асуудлаар Эрүүгийн цагдаагийн газарт хандсан байгаа. Эзэн холбогдогчийг нь олж тогтоогоод хариуцлага хүлээлгэх байх. Энэ удаагийн жишээ бол санаатайгаар эх төрхөнд халдсан гэж харагдаж байна. Бүрэн бүтэн байдалд нь буюу хагалж цуулсан асуудал гараагүй.
Юун түрүүнд, будагны өөрийн химийн элемент чулуунд хэрхэн нөлөөлж байгааг судална. Чулуун эсвэл тосон будаг уу зэргээс шалтгаалж, соёлын өвд ямар хэмжээний хохирол учруулсан байгааг тогтоох юм. Өөрөөр хэлбэл, хохирлыг тооцсоны дараа сэргээн засварлахад ямар хэмжээний зардал гарах нь тодорхой болно. Будгыг арилгасны дараа үнэлгээний болон судалгааны ажил үргэлжилнэ.
-Эзэн холбогдогч нь олдох эсэхээс үл хамаарч сэргээн засварлах ажил хийгдэнэ гэж ойлгож болох уу. Ер нь түүх дурсгалын өвийн эх төрхөнд нь халдах болсонтой хэрхэн тэмцэж байгаа вэ?
-Соёлын өвийн үндэсний төв болоод бусад эрдэм шинжилгээний байгууллагууд хохирол болоод сэргээн засварлах ажлын тооцоог гаргасны дараа сэргээн засварладаг. Эвдрэл гэмтлийг нь сэргээн засварлах зардал бол бий. Түүний өмнө хохирлыг тооцож, гэм буруутай этгээдийг олох ёстой.
Орон нутгийн засаг захиргаа соёлын өвүүдийн хадгалалт, хамгаалалтад тэргүүлэх үүрэгтэй оролцох ёстой. Дурсгалууд улсын, аймаг нийслэлийн хамгаалалтад байгаа гэдгээс хамаарч хадгалалт, хамгаалалт нь янз бүрийн түвшинд байдаг.
Мэдээж хамгаалалт, хараа хяналт сул байгаа газарт л ийм төрлийн зөрчил, гэмт хэрэг гарч байгаа хэдий ч иргэдийн ухамсартай шууд холбоотой асуудал. Байгаль орчны нөлөөллөөс болон хувь хүний үйлдлээс хамгаалах гэх хоёр томоохон асуудал байдаг.
Аль болох байгалийн сөрөг нөлөөллийг бууруулахад гол хүн хүч, цаг хугацаа, зардлаа зарцуулж байх ёстой байдаг. Гэтэл хүний ухамсараас үүдсэн хохирол, түүнийг нөхөхөд чиглэсэн зардал, цаг хугацаа гарч байна. Тиймээс Соёлын яамнаас соён гэгээрүүлэх томоохон зорилтын хүрээнд соёлын өвүүдээ хайрлаж хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэд, хэдэн арга хэмжээг зохион байгуулсан. Тухайлбал, үндэсний хэмжээнд ийм төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үндэсний сүлжээг бий болгохоор ажиллаж байна. Соёлын яам орон нутгуудад ажиллаж, соёлын өвийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн асуудлаар далайцтай ажилласны дүнд Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн нэгж байгуулахаар болсон гэх мэт үр дүн гарч байгаа.
Гэсэн хэдий ч Монгол Улсын нутаг дэвсгэрт олон мянган хөшөө дурсгал байдаг тул иргэдийн оролцоо л хамгийн чухал болоод байгаа юм. Тиймээс иргэдийг түүх соёлын дурсгал, соёлын өвөө хайрлаж хамгаалаарай гэж уриалахын зэрэгцээ энэ төрлийн үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдож байгаа гэдгийг давхар сануулмаар байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.