Японы эрх баригч Либерал Ардчилсан намд явуулсан сунгаанд Гадаад хэргийн сайд асан Фумио Кишида ялалт байгуулснаар намын шинэ дарга төдийгүй дараагийн Ерөнхий сайдаар тодорсон билээ.
Одоогийн Ерөнхий сайд Ёшихидэ Суга ердөө жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэснийхээ дараа огцрохоор шийдсэнээ албан ёсоор мэдэгдсэн. Шинээр сонгогдоод байгаа Кишида Ерөнхий сайдын албан тушаалыг хүлээж авсны дараа гүйцэтгэх хамгийн эхний үүрэг даалгавар нь ирэх 11 дүгээр сард болох сонгуульд намаа ялуулах юм.
Энэ бол тийм ч амар хялбар даваа биш гэж ажиглагчид харж байгаа. Учир нь Токиогийн Олимпын наадмыг цар тахлын үед иргэд эсэргүүцэж байсан ч нэг жил хойшлуулан зохион байгуулсан нь эрх баригч намын нэр хүндийг унагасан үйлдэл болсон гэж үзэж байгаа юм.
Либерал Ардчилсан намд явуулсан сунгаанд Кишида нь Таро Коног ялсан. Таро Коног намын шинэ даргаар сонгогдох хамгийн өндөр магадлалтай эрхэм гэж яригдаж байсан.
Ноён Кишида энэ жил 64 настай, Ерөнхий сайдын албанд томилогдохын тулд удаан хугацаанд хүчин чармайлт гаргаж байгаа нэгэн. Тэрээр өнгөрсөн жилийн санал хураалтаар Ёшихидэ Сугад ялагдаж байжээ. 2012-2017 оны хооронд Япон улсын Гадаад хэргийн сайдын албан тушаалыг хашиж байсан тэрээр цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, Умард Солонгосын аюул заналхийллээс сэргийлэх зэрэг олон ээдрээтэй асуудлуудыг шийдвэрлэх үүрэг хүлээлээ. Тэрээр эрүүл мэндийн хямралыг шийдэх агентлаг байгуулах санал дэвшүүлж байсан бөгөөд Хятадын Засгийн газрын уйгурчуудад үзүүлж буй заналхийллийг зэмлэн буруушаасаар иржээ.
Ялалтаа баталгаажуулсны дараа Кишида “миний хамгийн чухал чадвар бол ард түмнээ сонсох юм. Японы гэрэлт ирээдүй, ард түмнийхээ төлөө чадах бүхнээ хийнэ” гэсэн байна. Ирэх аравдугаар сарын 4-ний өдөр болох Парламентын хуралдаанаар Кишида Японы 100 дахь Ерөнхий сайдын албыг албан ёсоор хүлээж авна.
Тэрээр угсаа залгамжилсан улс төрч гэр бүлийн гишүүн. Түүний аав, өвөө хоёулаа Төлөөлөгчдийн танхимын гишүүд байжээ. Мөн Кишида нь хамгийн удаан хугацаанд Гадаад хэргийн сайдын албан тушаалыг хашсан эрхэм ажээ. Тэрээр Хирошима хотод төрсөн бөгөөд төрөлх нутагт нь нүүрлэсэн цөмийн зэвсгийн хэрэглээг эсэргүүцдэг нэгэн. Гадаад хэргийн сайд байх хугацаандаа 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Хирошимад зочлох үйл явдлыг санаачлан гүйцэтгэжээ. Обама цөмийн бөмбөгдөлтөд өртсөн Хирошимад хотод хөл тавьсан АНУ-ын анхны төрийн тэргүүн болсон юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.