Дэлхийн улс орнуудын дунд коронавирусийн эсрэг вакцины хүртээмжтэй холбоотой "аймшигтай тэгш бус байдал" бий болоод байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус мэдэгджээ.
Тэрээр "Одоогийн байдлаар дэлхий даяар зургаан тэрбум гаруй вакцины тунг түгээгээд байгаа бөгөөд дэлхийн хүн амын бараг гуравны нэг нь цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна. Гэхдээ эдгээр тооны ард аймшигт тэгш бус байдал байгаа. Нийт вакцины 75 гаруй хувь нь өндөр ба дундаас дээш орлоготой орнуудад очсон. Харин бага орлоготой орнууд дэлхийн вакцины нэг хувиас бага хувийг хүртсэн. Африк тивийн иргэдийн дөнгөж дөрвөн хувь нь бүрэн вакцинжуулалтад хамрагдсан" хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Тедрос Адханом Гебрейсусын хэлснээр ДЭМБ энэ оны эцэс гэхэд улс орон бүрийн хүн амын 40 хувийг вакцинжуулахаар зорьж байгаа бол ирэх оны дундуур гэхэд энэ үзүүлэлтийг 70 хувь болгохоор төлөвлөж байгаа аж. Гэхдээ дэлхийн вакцины нийлүүлэлтийг хянадаг улс орон болон компаниуд өөрсдийн үүргээ биелүүлсэн тохиолдолд л энэхүү зорилтыг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг тэрээр дурдсан юм.
Тэрээр мөн энэхүү "вакцины тэгш бус байдал" удаан үргэлжлэх тусам нийгэм, эдийн засгийн хямрал зогсолтгүй үргэлжлэх бөгөөд вирус илүү өргөн тархаж, илүү аюултай хувилбар болон өөрчлөгдөх эрсдэл нэмэгдэнэ гэдгийг онцолсон байна.
Эх сурвалж: TASS