Өмнөд Америкийн Эквадор улсын Литорал хорих газарт гэмт хэргийн бүлэглэлүүд хоорондоо мөргөлдөж зуу гаруй хоригдол амиа алдсан байна. Энэ нь улсын түүхэн дэх хорих газарт болсон хамгийн хор хөнөөлтэй тэмцэл мөргөлдөөн болохыг эх сурвалжууд онцолжээ.
Гуяакил хотод байрлах хорих газраас мөргөлдөөний дараа таван хүний толгойг тасдан авсан байсныг олжээ. Цагдаагийн командлагч Фаусто Буэнано хоригдлууд гар бөмбөг дэлбэлсэн гэжээ.
Хорих газрыг хяналтандаа авахын тулд цагдаагийн 400 офицерыг дайчилсан байна. Мөргөлдөөн хууль бус хар тамхи наймаалах бүлэглэлийн гишүүдийн ял эдэлж байсан хэсэгт гарчээ. Эквадор улсад үйл ажиллагаа явуулж байгаа Мексикийн хууль бус мансууруулах бодис наймаалагчид мөргөлдөөнийг өдөөсөн гэж үзэж байна.
Эквадорын хорих газрын дарга Боливар Гарзон цагдаа нар өчигдөр 14 цагийн үед нөхцөл байдлыг намжааж, хяналтандаа оруулаад байсан ч өнгөрсөн шөнө дахин гал нээж, дэлбэрэлт болсон бөгөөд өрөөнүүдээс нас барсан хоригдлуудын цогцсыг нэмж олсон гэжээ. Үүний дараа цагдаагийн нэмэлт хүч дуудан мөргөлдөөн бүрэн намжсан хэмээн мэдээлсэн байна.
Энэ жилийн хоёрдугаар сард хорих газрыг хяналтандаа оруулахын тулд гэмт бүлэглэлүүд мөргөлдөж, 79 хоригдол тус шоронд амиа алдсан юм.
Ерөнхийлөгч Гулермо Лассо улсын бүх хорих газруудад онц байдал зарласан байна. Тэрээр өнгөрсөн долдугаар сард хийсэн мэдэгдэлдээ хорих газрууд хүчин чадлаасаа 30 хувиар илүү ажиллаж байгааг мэдээлж байсан юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.