Их БРитанийн Зүүн Английн их сургуулийн эрдэмтэд 12 долоо хоног хийсэн судалгааны дүнгээ танилцуулав. Уг судалгаагаар Ковид-19-ийн халдвар авснаас болж үнэрлэх мэдрэмжээ алдсан хүмүүст А аминдэмтэй хамрын дусаалга тусалж магадгүй гэдгийг харуулжээ.
Судалгааны дүнд клиникийн эмчилгээний туршилтыг эхлүүлэхээр болсон байна. Клиникийн эмчилгээний туршилтад цөөн тооны сайн дурын, насанд хүрсэн иргэдийг хамруулна. Тэд муудсан өндөг, сарнай цэцэг зэрэг хүчтэй үнэр ялгаруулдаг зүйлийг үнэртэж чадаж байгаа эсэхийг нь шалгах юм байна.
Мөн А аминдэм тархин дахь гэмтсэн үнэрлэх мэдрэхүйн эсүүдийг сэргээж байгаа эсэхийг шалгах ажээ. Ковид-оос гадна ханиад, томуу туссан хүмүүс үнэрлэх мэдрэжээ алдах нь нийтлэг үзэгдэл юм. Өвчтөнүүдийн ихэнх нь халдвар авснаас хойш хоёр долоо хоногийн дотор байгалийнхаа жамаар үнэрлэх мэдрэмжээ эргүүлэн олж байгаа ч олон хүн үнэрлэж чадахгүй хэвээр үлдэж байна.
Лондоны 29 настай иргэн Лина Алнади коронавирусээр өвчилсний дараа бүх зүйлийн үнэр өөрчлөгдсөн хэмээн ярьжээ. Гоожуурын ус түүнд аймшигтай муухай үнэртэх болсон бөгөөд ургамал ногоо түүнд нялуун шүршигч шиг, хамгийн их идэх дуртай өндөг нь шатсан хаягдал шиг үнэртэх болсон байна. Үнэрлэх мэдрэмжээ алдана гэдэг нь огт юм үнэрлэж чадахгүй байхаас гадна өөрөөр үнэртэхийг ч хэлдэг ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.