Японд коронавирусийн халдварын тархалт удааширч байгаа энэ үед тус улсын Засгийн газар эдийн засгаа сэргээхийн тулд цар тахлын онц байдлыг энэ долоо хоногт дуусгавар болгохоо мэдэгджээ.
Ерөнхий сайд Ёшихидэ Сугагийн мэдээлснээр Япон улс даяарх онц байдлыг ирэх пүрэв гарагт цуцлах бөгөөд хязгаарлалтуудыг аажмаар хөнгөвчлөх аж. Ингэснээр сүүлийн зургаан сар гаруйн хугацаанд идэвхтэй байсан онц байдал хүчингүй болох юм.
Энэ оны 4 дүгээр сард зарласан энэхүү онц байдлын дэглэмийг удаа дараа сунгаж, өргөтгөсөн билээ. Үүнийг иргэдийн зүгээс ихэд шүүмжлэн, бухимдаж байсан хэдий ч уг арга хэмжээний үр дүнд Япон улс бусад улс орнуудад тогтоосон чанга хатуу хөл хорионоос зайлсхийж чадсан билээ.
Албаныхан онц байдлын хүрээнд ресторан, баарнуудын цагийн хуваарийг богиносгож, архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхыг хүсээд байсан бол одоо эдгээр аж ахуйн нэгж болон бусад худалдааны байгууллагууд хэвийн цагийн горимдоо эргэн шилжих боломжтой бөгөөд эрх баригчид эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд илүү анхаарах аж.
Түүнчлэн, Засгийн газрын зүгээс цаашид коронавирусийн түр зуурын эмчилгээний байгууламжуудыг бий болгон, вакцинжуулалтыг эрчимтэй үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. Эрх баригчид мөн вакцины паспорт, вирусийн шинжилгээ гэх мэт бусад төлөвлөгөөг боловсруулж байгаа гэнэ.
Япон улсад өдөр тутмын халдварын тохиолдол 2,000 орчим болж буураад байгаа бөгөөд мэргэжилтнүүд үүнийг дархлаажуулалтын явц болон иргэдийн халдвар хамгааллын дэглэмийг нэмэгдүүлэх хичээл зүтгэлтэй холбон тайлбарлаж байна.
Тус улсын Вакцинжуулалтын сайд Таро Коногийн хэлснээр энэ оны эцэс гэхэд эмнэлгийн ажилтнуудад вакцины нэмэлт тунг тарьж эхлэх бол ирэх оны эхээр өндөр настнуудыг нэмэлт тунд хамруулахаар бэлдэж байгаа аж.
Эх сурвалж: AP