"Pfizer" компани 5-11 насны хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцин тарих клиник туршилтыг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд АНУ-ын зохицуулагч байгууллагуудад анхан шатны өгөгдлөө илгээн, албан ёсны зөвшөөрөл авах хүсэлт гаргасан байна.
АНУ-д цар тахлын халдвар хүүхдүүдийн дунд хурдацтай тархах болсон ба энэ сарын эхээр хамгийн дээд цэгтээ хүрсэн гэж Америкийн Хүүхдийн Эмнэлгийн Академи мэдээлжээ. Одоогийн байдлаар "Pfizer" вакциныг 12-15 насны өсвөр насныханд тарихыг зөвшөөрөөд байгаа юм. Бага насны хүүхдүүд коронавирусийн хүнд хэлбэрээр өвчлөх магадлал багатай хэдий ч халдварыг бусад хүмүүст, тэр дундаа хүнд өвчлөх эрсдэлтэй эмзэг бүлгийнхэнд тарааж байгаа аж.
Тэгвэл 5-11 насны нийт 2,268 хүүхэд оролцсон клиник туршилтаар тус вакцин нь зорилтот насны бүлгийн дунд хүчтэй дархлааны хариу урвалыг өдөөсөн байна.
Өмнө нь "Pfizer-BioNTech" вакцины төлөөлөгчид 12-15 насны хүүхдүүдэд вакцин тарих хүсэлт гаргаснаас хойш ойролцоогоор нэг сарын дараа зөвшөөрөл авч байсан билээ. Хэрэв энэ удаад мөн ижил хугацаанд үр дүнд хүрвэл ирэх 10 дугаар сарын сүүл гэхэд бага насны хүүхдүүдийн дархлаажуулалтыг эхлүүлж болох юм.
Түүнчлэн, "Pfizer" компани вакцинаа 2-5 хүртэлх насны хүүхдүүд болон зургаан сараас хоёр хүртэлх насны хүүхдүүдэд туршиж байгаа бөгөөд уг клиник туршилтын үр дүнг энэ оны 4 дүгээр улиралд мэдээлнэ гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters