"Cafeina LLC"-ийн захирал, Ресторан, зоогийн газрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Цэрэнбаатар: "Цар тахал дэгдэж, коронавирусийн нөхцөл байдал үүссэнээс хойш хамгийн хүнд өртсөн салбар бол үйлчилгээний, тэр дундаа ресторан, зоогийн газрын салбар билээ. Эдгээр нь нийт 4,000 орчим аж ахуй нэгж бөгөөд цар тахлын улмаас ойролцоогоор 130 хоног огт үйл ажиллагаа явуулаагүй. Харин 200 орчим хоног цагийн хязгаарлалттай ажилласан.
Одоо 22:00 цагт хязгаарлалт тавьснаар хоёрхон цагийн ялгаа яригдаж байгаа мэт боловч манай нэг салбар 30-40 хувийн орлогын бууралттай байна. Харин караоке, диско клубуудын орлого 65-80 хувийн бууралттай байгаа юм. Ер нь бол салбарын бүх чиглэлийн аж ахуй нэгжүүдийн орлого буурч, хүнд байдалд ороод байна.
Албаныхан хэдхэн хоногийн өмнө бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэж ярьж байсан ч шийдвэр нь ийм амархан өөрчлөгдөж байгаа нь хүндрэлтэй байна.
2020 оны судалгаагаар нийт 40 орчим мянган хүн энэ салбарт байнгын болон түр байдлаар ажилладаг гэж тогтоогдсон. Коронавирусийн нөхцөл байдлын улмаас эдгээр хүний 25 хувь нь ажилгүй болоод байгаа. Мөн 20-иод хувь нь үйл ажиллагаагаа зогсоож, дампуурал зарлахад хүрээд байгаа юм.
Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөл улсаас зохион байгуулж байгаа олон нийтийг хамарсан арга хэмжээний тал дээр чимээгүй байдаг хэдий ч үйлчилгээний салбарт бүх бурууг өгдөгт гомдолтой байна. Сонгуулийн арга хэмжээ гэх мэт их хэмжээний хүний бөөгнөрөл үүсгэж байгаа явдлуудад ач холбогдол өгөхгүй хэр нь нөхцөл байдал хүндрэхээр үйлчилгээний салбарыг онилж байгаа нь ойлгомжгүй санагдаж байна.
Бид суудлын тоогоо 50 хувиар бууруулж, халдвар хамгааллын дэглэмээ барин, бүх үйлчлүүлэгчээ бүртгэж байгаа. Ерөнхийдөө зардал нэмэгдэж, орлого буурсан хэдий ч үйл ажиллагаагаа тогтвортой авч явахын тулд бүхий л аргаар хичээж байгаа билээ. Тиймээс эрх тэгш шийдвэр гаргахыг хүсэж байна" хэмээв.