СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-27

🔴 LIVE: С.Энхболд: Монгол улс нас баралтыг хамгийн бага түвшинд барьж чадаж байгаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Монгол улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Улсын онцгой комиссын дарга, Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийж байна. 

Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан: 

-Ковидтой холбоотойгоор эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх бодлого шийдвэрийг хуульчлах, журамд өөрчлөлт оруулах, ирэх намрын чуулганд оруулж батлуулах, "Эрдэнэт" үйлдвэрийн 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр байгуулагдсан Эрүүл мэндийн цогцолбор, 50 өрхийн орон сууц үнэ төлбөргүйгээр хувьд шилжсэнийг буцаан авах, Алтанбулагийн боомтын нэвтрэлтийг эрчимжүүлэх зэрэг олон тодорхой асуудлыг өнөөдрийн УОК-ын хурлаар авч хэлэлцлээ. 

Мөн, хоол үйлдвэрлэлийн салбарыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1 хүртэл 22.00 цагаас хойш ажиллуулахгүй байхаар хязгаарлахаар шийдвэрлэлээ. Хилийн чанадаас ирэх иргэдийг нисэх онгоцны буудалд шинжилгээ авч нэвтрүүлнэ. Өмнө нь, бүрэн тундаа хамрагдаагүй иргэдийг 7 хоног тусгаарлах байранд, 7 хоног гэрт нь тусгаарлаж байсан. 

Улсын хэмжээнд 200 дунд сургууль цахимаар хичээллэж байна. Танхимаас цахим руу шилжих хүсэлтэй 300 гаруй сургууль байгаа. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

-Нөхцөл байдал хүнд байна. Улсын хэмжээнд эмнэлгийн 27083 ор байдаг. Үүний 21700-д нь ковид өвчтэй хүмүүс хэвтэн үйлчлүүлж байна. Нэмж ор тавих боломжгүй. Нэмсэн тохиолдолд үндсэн тусламж /жирэмсэн, хавдар, хүүхэд г.м/-ийн үйлчилгээ алдагдах эрсдэлтэй. 

Монгол улсын хувьд ор дэлгэсэн үзүүлэлтээр дэлхийд хамгийн өндөр хувьтай байгаа. Мөн нас баралтыг хамгийн бага түвшинд барьж чадаж байгаа. Амьсгалын аппарат улсын хэмжээнд хангалттай байгаа. 

Халдвар нэмэгдэхээр нас баралт нэмэгдэж байгаа. Орон нутагт нас баралт нэмэгдэж байгаа нь ийм учиртай. Иймд гурав дахь /бүүстэр/ тундаа хамрагдах хэрэгтэй байна. Израйль улс бүүстэр тунг иргэддээ хийснээр нас баралтыг 60 хувиар бууруулсан. Манай улсын 288 мянган иргэн гурав дахь тундаа хамрагдсанаас 0.17 хувь нь халдвар авсан. Ер нь вакцин бол хөнгөн тусгадаг болохоос халдвар огт авахгүй гэсэн үг биш. 

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж: 

-Эмч, ажилтнууд ажлаасаа гарч байгаа талаар мэдээлэл гарсан. Ер нь эмнэлгийн салбарын 5 хувь нь жил бүр хөдөлгөөнд орж байдаг. Ковидоос болж эмч, сувилагч нар ажлаасаа гараад байгаа юм биш. Бид нас баралтыг нууж байгаагүй. Сувилагч, эмнэлгийн албан хаагчид зөвхөн Монголд биш, дэлхийд хомстоод байгаа. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.