АНУ-ын Монтана мужид "Amtrak Empire Builder" зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас гурван хүн амиа алдсан бөгөөд 50 хүн шархаджээ.
Энэхүү осол орон нутгийн цагаар 16:00 цагийн орчимд Жоплин хотын ойролцоо болсон байна. "Amtrak" компанийн мэдээлснээр Чикаго хотоос Сиэтл рүү чиглэж явсан тус галт тэрэгт 141 орчим зорчигч, 16 багийн гишүүн байсан аж.
Олон нийтийн сүлжээгээр өргөн тархсан зургуудаас харахад галт тэрэгний вагонууд замаасаа гаран, хажуу талаараа унасан байсан бөгөөд зорчигчдын ачаа тээш ослын газрын ойр хавиар тарсан байжээ.
Аврагчид одоо зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд Монтана мужийн сенатор Стив Дайнс "Нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна" хэмээн өөрийн Твиттер хуудаснаа бичсэн юм. Харин АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс энэ явдлыг шалгаж эхэлжээ.
"Amtrak" галт тэрэг осолдох нь ховор байдаг хэдий ч сүүлийн жилүүдэд хэд хэд тохиолдол гарах болсон юм. 2018 онд тус компанийн нэгэн галт тэрэг буруу замаар явж байгаад ачааны галт тэргийг мөргөсний улмаас мөн гурван хүн амиа алдсан билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.