Жил бүрийн 10 дугаар сараас эхлэн мод тарих нь хамгийн тохиромжтой үе гэж мэргэжилтнүүд онцолдог билээ. Тэгвэл манай сурвалжлах баг модны суулгац болон үнэ ханшны талаар 7-н буудлын зам дагуух худалдааны цэгээс тодрууллаа.
Энэ жилийн суулгацын хувьд шилмүүст мод болон чацаргана, үхрийн нүд, улаалзгана, алим зэрэг жимсний моднууд их гарч байгаа аж. Намрын улиралд бортоготой, шилмүүст модыг тарих нь зохимжтой байдаг бөгөөд намар тарьсан суулгац хаврын улиралд илүү сайн ургадаг гэнэ.
Гацуур модны хувьд 50-120 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол хар мод 60 мянган төгрөгөөр зарагдаж байна. Хамгийн багадаа хайлаас мод 1,200 төгрөгөөр зарагдаж байгаа бөгөөд харин хамгийн үнэтэй мод нь 350,000 хүртэлх төгрөгөөр борлуулагдаж байгаа юм. Үнэ нь модны төрөл, өндөр нам, наснаас шалтгаалдаг аж.
Бортоголсон моднууд хөрсөндөө дор хаяж 2-3 сарын хугацаанд дассан байдаг тул шууд тарихад ургах магадлал өндөр байдаг. Модоо тарих нүхэндээ хар шороо, элс, бууц, бордоог бэлдэх шаардлагатай бөгөөд долоо хоногт 2-3 удаа усалгаа хийх аж. Ингэхдээ модныхоо зөвхөн ул хөрсийг услах хэрэгтэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.