Олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал нь хүн төрөлхтнийг хүйтэн дайны шинэ эрин үе рүү эргүүлж магадгүй гэж Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сийярто өнгөрөгч пүрэв гарагт "ТАСС" агентлагт ярьжээ.
Дэлхий даяар тархаж буй коронавирусийн цар тахал нь олон асуудал, бэрхшээлийг авчирсан боловч "энэ бүх сорилтын нэг эерэг үр дагавар нь бид өргөн хүрээнд харилцан хамааралтай болж байгаа явдал гэж бодож байна" хэмээн Сийярто хэлсэн байна.
Тэрээр "Дэлхийн улс орнууд харилцан хамааралтай болохын хэрээр Дорнод ба Өрнөдийн хамтын ажиллагаа илүү хүндэтгэл дээр суурилсан болж магадгүй гэж бид найдаж байсан. Гэхдээ харамсалтай нь миний харж байгаа зүйл тийм биш байна. Харин ч шинэ хүйтэн дайн үүсэх аюул заналхийлж байна" гэж нэмж хэлжээ.
Мөн БНХАУ, АНУ зэрэг улс төрийн зөрчилдөөнтэй улсуудын дундах худалдааны тоо өсөж байгаа хэдий ч олон улсын хамтын ажиллагаа эсвэл дипломат харилцаа хүндэтгэл дээр суурилсан хандлагын зүг ямар ч алхам хийгээгүйд харамсаж байгаагаа Сийярто илэрхийлсэн юм. Тэрээр "Энэ нь ирээдүйд манай дэлхийн хамтын нийгэмлэгт зарим бэрхшээлийг авчирна гэж би эмээж байна" хэмээн онцолжээ.
Эх сурвалж: TASS
Орчуулсан: Г.Энхсаруул
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.