Европ тивийн ноён оргил болох ОХУ-ын Эльбрус ууланд авирсан хэсэг уулчид цаг агаарын таагүй нөхцөл байдалтай таарсны улмаас сураггүй алга болоод байгаа бөгөөд орон нутгийн Онцгой байдлын албанаас тэднийг аврах ажиллагааг зохион байгуулж байна.
Нийт 19 уулчин энэ сарын 23-ны өдөр цаг агаарын онц ноцтой үзэгдэлтэй тулгарч, Онцгой байдлын яамнаас тусламж хүссэн байна. Аврах ажиллагааг яаралтай эхлүүлсэн хэдий ч хүчтэй салхи, хүйтэн жаврын улмаас эрэл хайгуул хийхэд хэцүү байгааг албаныхан онцолсон юм. Уулчид 5,400 метрийн өндрөөс аюулын дохио илгээсэн бөгөөд тус хэсэгт салхины хурд секундэд 40 метрт хүрч, агаарын температур -20 градуст хүрээд байгаа аж.
Оросын Онцгой байдлын яамны эх сурвалжийн мэдээлснээр одоогийн байдлаар найман хүнийг эсэн мэнд олоод байгаа хэдий ч гурван уулчин нас барсан байна. Урьдчилсан мэдээллээр бүлгийн гишүүдийн нэг нь хөлдөө гэмтэл авчээ.
Уулчдын бүлгийн бүртгэлээс харахад тэд бүгд 30-аас дээш насны иргэд бөгөөд ОХУ-ын 11 бүс нутгаас цугларсан аж. Үлдсэн найман уулчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: Вести RU
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.