Испанийн Ла Палмад өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Кумбре Виежа галт уул дэлбэрсний дараа халуун хайлмаг нь урсаж, 200 гаруй байшинг сүйдэлж, 6,000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байгаа.
Галт уулын халуун хайлмаг эргэн тойронд нь урссан боловч өртөлгүй өнгөрсөн байшингийн зураг олон нийтийн цахим сүлжээнд цацагджээ. Уг байшинг “ид шидийн байшин” хэмээн хүмүүс гайхширсан байна.
Кумбре Виежа галт уулын халуун хайлмаг урссаар байгаа бөгөөд эрдэмтэн судлаачид энэ үйл явц хэр удаан үргэлжлэхийг нь хэлж мэдэхгүй байгаа юм. Галт уулын хайлмаг дунд торойж үлдсэн байшингийн зургийг гэрэл зурагчин Алфонсо Эскалеро даржээ.
Ид шидийн байшинг тэтгэвэртээ гарсан Данийн хос Инге болон Раниер Кок нар эзэмшдэг байна. Тэд цар тахал гарснаас хойш байшингаа эзгүй орхиод байжээ.
Халуун хайлмаг замдаа таарсан байшин барилга, сургууль, гадилын ургацыг талбайг ч сүйтгээд байгаа юм. Хэрэв тэнгисийн усанд хүрвэл хорт хий ялгаруулж, хүчтэй дэлбэрэлт болж магадгүй гэдгийг анхааруулсаар байна. Мөн хайлмагийн урсгал удаан байгаа тул хэр хугацаанд тэнгисийн усанд хүрэхийг таамаглах боломжгүй байна гэжээ.
Канарын арлуудын Засгийн газар хайлмагт өртөн орон гэргүй болсон иргэдийг дахин орон гэртэй болгохын тулд хоёр барилгын компанитай хамтарч ажиллахаар төлөвлөж байна.
Испанийн Ерөнхий сайд Педро Санчез НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дахь чуулганд оролцохын тулд Ла Палмагаас Нью-Йорк руу шууд нислэг үйлджээ. Чуулга уулзалтад оролцсоныхоо дараа Ерөнхий сайд Канарын арлуудад буцаж ирэх юм байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.