Монгол улсын шатахууны 95 хувийг хангадаг Роснефтийн “Ангарск” үйлдвэр засварт орсон гэх шалтгаар 9 дүгээр сард сар бүр олгох үүрэгтэй 28 мянган тонноо бууруулж, 17 мянгыг өгөх боломжтой гэж эхэндээ мэдээлж байсан ч энэ сарын 21-нд гэнэтхэн “17 мянгаа ч өгөх боломжгүй боллоо” гэж мэдэгдсэн нь Монгол улсын Засгийн газрыг бажга авахуулав.
Дайран дээр давс гэгчээр оросуудын өгч чадаагүйг өгөхөөр тохиролцон, гэрээ хэлцэл байгуулж, мөнгийг нь урьдчилан авсан БНХАУ-ын “Чайна ойл” компани “Хилийн ачаалалтай холбоотойгоор хугацаандаа нийлүүлж чадахгүй” гэдгээ бас мэдэгдэв.
Давхцал уу, үгсэл үү?
Сануулга үүгээр дуусаагүйг шатахуун дээр паанигтсан монголчууд төдийлөн анзаарсангүй. Увс, ОХУ хооронд байрлалтай “Улаангом-Чадан” цахилгаан дамжуулах агаарын шугамыг мөн л засварлаж байгаа гэх нэрийдлээр Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн цахилгааныг 2-3 өдөр бүрэн болон хязгаартай олгож давхар “хэлмэгдүүллээ”.
Давхцал уу, сануулга уу?
Монгол улсад шатахуун алтны дайтай үнэлэгдэж эхлэх цаг дор тэртээ 2008 оноос үе үе цухуйлгаж байсан “Роснефтийн 100 ШТС”-ын асуудал дахин босож ирэв. “Оросуудын шатахуун станцыг Монголд барих байсан юм. Тэгсэн бол бла бла“ гэдэг халаглал дэмий ч дахин босож ирээгүй байх.
Хүний гарт орно гэдэг нь болсон монголчууд нефть импортлогч компаниудаа ОХУ руу довтолгоход “ах нар” маань “Энэ сардаа багтааж, 1500тонн АИ-92 өгье” гэдгээ гэдийж байгаад мэдэгдэв. Сарын хэрэглээ нь улсын хэмжээнд багадаа 30 мянган тонн байдаг Монгол улсад 1500тонныг өгнө гэсэн нь шүлс хаях дайтай ч, “ах нар маань алгаа тэнийлгэлээ” хэмээн монгол даяар хөл хөөрцөг болж байх юм.
Засвар хийх нэрийдлээр шатахуун, цахилгааныг хязгаарласан нь шалтаг төдий бөгөөд шалтгаан нь өөр зүйлд байсан талаар төрийн ордны “тамхины цэг” дээр сунжирсан урт яриа өрнөж байна.
Юуны түрүүнд, Эрдэнэбүрэнгийн УСЦ-ыг ОХУ-ын талтай хамтран хэрэгжүүлэх гэж байгаад БНХАУ-ын “Power construction corporation of Chona ltd”-д "өгсөн"-д оросууд уурласан гэдэг яриа тархаад байна. Асуудал үүндээ тулбал өнө эртний олон асуудал урган босож ирэх биз. “Би юу хийчихэв ээ” гэж Богд хаан халагладаг шиг Монгол улсын Засгийн газрын гишүүд ямар “нүгэл” хийснээ дэнсэлж суугаагийн нэг нь энэ байх.
Удаахи асуудал нь Богдхан төмөр зам. ОХУ-аас хөрөнгө оруулалт татан гүйцэтгэх гэж ярьж байсан ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд Л.Халтар нарын мэдэгдсэнчлэн “Өөрсдийн нөөц хөрөнгөөр барьж байгуулна” гэсэн нь “УБТЗ” ХНН-ийг хамтран эзэмшдэг оросуудыг гомдоосон гэх яриа бас амь бөхтэй байна.
Ер нь ОХУ-ын талаас Монгол улсыг шатахуун болон цахилгаанаар нь барьж байх бодлого дээрээ хатуу байр суурьтай байдаг. Эгийн голын УСЦ-ын хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын талаас шийдвэрлээд ирэхэд “Байгаль нуурыг бохирдуулна” хэмээн гадаад, дотоодоос нь шахаж байгаад зогсоож байсан. Оросын “хүргэн” маань ч энэ талаар “Бид дахин энэ талаар ярихгүй” хэмээн ОХУ-д айлчлал хийхдээ хариуцлагатайгаар мэдэгдэж байсан.
Дорноговьд баригдаж байгаа Нефть боловсруулах үйлдвэрийн жилд шаардлагатай 1-2 сая тонн түүхий нефтийг ОХУ-ын тал нийлүүлэх бодолгүй байгаа гэх мэдээлэл байдаг. Харин үүнийхээ оронд “100 ШТС бариад өгье, баруун таван аймгийн цахилгаан дамжуулах шугамыг өртгөтгөж өгье” гэсэн нөгөө л улиг болсон яриагаа ярьдаг.
Хүний эрхэнд амьдраагүй тусгаар улс боловч эдийн засгийн хувьд хоёр хөршөөс хараат байхын гачланг бид коронагийн нэрэн дор хэр удаан амсах юм бол?
Хоёр хөрш маань биднийгээ ганц сайн чангалж байна даа. Нэг нь хилээ хааж, нөгөө нь шатахуунаа хааж. Бид ямар тахилыг нь буруу өргөчихсөн юм бол доо...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хамгийн эерэг бөгөөд дипломат арга барилаар ажиллаж байгаад өөрийн гэсэн нефтийн үйлдвэр, болон төмөр зам ,уцс-тай болоод авах хэрэгтэй гэдгийг эрхэм дарга нар маниар хэлүүлэх юун!гэвч хүн хэлэхээс наашгүй гэдгийг сануулахыг хичээв!
nuguu xux chon iljig boltson yum uu kkk
хахахахахха
Tsomiin zevsegtei boltsgooy hehe
Орос хятад хоёр ч биднийг илжиг болгож бна дөө
Адаглаад бух зурдаг байгаа даа... Үхэр Монгол гэдэг шүү дээ.