Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн туслах Сергей Шефирийн амь насанд хүрэх гэсэн оролдлого өнгөрөгч лхагва гарагт гарчээ. Хууль хяналтынхны мэдээлснээр түүний автомашин руу хэд хэдэн халдагч гал нээсэн байна.
Халдлага тус улсын нийслэл Киев хотын гаднах Лесный тосгоны ойролцоох ой модтой зам дээр болсон бөгөөд сэжигтнүүд дор хаяж 18 удаа буудсан болохыг албаныхан тэмдэглэсэн юм. Украины Дотоод хэргийн яамнаас халдлага үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд гэмт хэрэгт нийт хэдэн хүн оролцсон нь одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч тэдний эсрэг "хоёр ба түүнээс дээш хүний амь насыг хөнөөхийг завдсан" гэх эрүүгийн хэрэг үүсгэсэн болохыг тус улсын Ерөнхий прокурор Ирина Венедиктова хэлжээ.
57 настай Шефир азаар гэмтэж бэртээгүй аж. Халдлага гарах үед Ерөнхийлөгч Зеленский Нью-Йоркт байсан бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлснийхээ дараа Киев руу яаралтай буцна гэж мэдэгдсэн байна. Владимир Зеленский болон Сергей Шефир нар нь нэг хотоос гаралтай сайн найзууд юм. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бичсэнээр Шефир төрийн тэргүүний өдөр тутмын хуваарийг хариуцдаг аж.
Энэхүү аллагын оролдлогын хэд хэдэн боломжит шалтгааныг Украины цагдаа нар судалж байгаа болохыг Үндэсний цагдаагийн газрын дарга Игорь Клименко мэдээлжээ.
Тэрээр "Үндэсний цагдаагийн газраас нийт гурван боломжит шалтгааныг авч үзэж байна. Сергей Шефир төрийн үүргийнхээ улмаас халдлагад өртсөн байж магадгүй. Эсвэл энэ бол Украины дээд албан тушаалтнуудад дарамт үзүүлж, эсвэл улс төрийн нөхцөл байдлыг тогтворгүй болгох гэсэн оролдлого байх. Бид гадаадын тагнуулын байгууллагуудын оролцоог сэжиглэн, судалж байгаа" хэмээн ярьсан байна.
Тэгвэл Украины эрх баригч намын Парламентын бүлгийн дарга Давид Арахамия уг хэрэгт "Оросын ул мөр" байж магадгүй гэж мэдэгджээ. Үүний хариуд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Энэхүү хэргийг ОХУ-тай холбож байгаа нь хэт өндөр сэтгэл хөдлөлийн үр дүн. Украинд юу ч болсон хамаагүй Киев үргэлж "Оросын ул мөр" олохыг хичээдэг" гэсэн мэдэгдэл гаргажээ.
Эх сурвалж: TASS, The Washington Post
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.