ОХУ-ын Хабаровск хотын ойролцоо сураггүй алга болоод байсан "Ан-26" нисэх онгоцны хэлтэрхийг илрүүлсэн гэж орон нутгийн Онцгой байдлын албаны эх сурвалж "ТАСС" агентлагт мэдээлжээ.
Тодруулбал, "Ан-26" нисэх онгоц нь Хабаровск хотоос 38 км-ийн зайд радараас алга болоод байсан билээ. Тус онгоц нь Хабаровскийн хязгаарын нислэгийн радио системийг шалгах зорилгоор техникийн нислэг үлдэж байсан бөгөөд нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй нисэж байжээ. Харамсалтай нь, багийн бүх гишүүн ослын улмаас амиа алдсан болохыг албаныхан мэдээлсэн байна.
Нисэх онгоцны хэлтэрхийнүүдийг хайлтын талбайгаас илрүүлсэн болохыг Хабаровскийн хязгаарын Байгалийн нөөц газар, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанаас баталжээ. Тус хүрээлэнгийн мэдэгдэлд "Ослын газрыг Корфовскийн суурины ойролцоогоос илрүүлсэн" гэж тэмдэглэсэн юм.
Ослын газрыг анх нисдэг тэргээр илрүүлсэн бөгөөд аврах ажиллагаанд нийт 140 хүн оролцож, 35 техник хэрэгсэл ашигласан байна.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.