АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Дүрмийн хорооноос батлан хамгаалахын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж, ОХУ-ын сайд, томоохон бизнесмен, олон нийтийн зүтгэлтэн, сэтгүүлч зэрэг нийт 35 иргэнд хориг арга хэмжээ авахыг санал болгосон байна.
Баримт бичигт дурдсанаар, эдгээр орос иргэд хүний эрхийн зөрчил гаргасан байж болзошгүй гэж АНУ-ын хууль тогтоогчид үзэж байгаа аж. Тэгвэл Ерөнхийлөгч Жо Байден эдгээр хүмүүсийг "Глобал Магнитскийн хууль"-ийн дагуу хориг арга хэмжээ авах шалгуурыг хангаж байгаа эсэх талаарх дүгнэлтийг Конгрессын холбогдох хороонд өгөх ёстой юм.
Энэхүү жагсаалтад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, Ерөнхий сайд Михаил Мишустин, Сонгуулийн төв хорооны дарга Элла Памфилова, Захиргааны нэгдүгээр орлогч дарга Сергей Кириенко, Хөдөө аж ахуйн сайд Дмитрий Патрушев, Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко нар багтжээ.
Түүнчлэн ОХУ-ын Үндэсний харуулын дарга Виктор Золотов, Холбооны аюулгүй байдлын агентлагийн дарга Александр Бортников, Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкин, Санкт-Петербургийн амбан захирагч Александр Беглов болон Москва хотын дарга Сергей Собянин нар ч мөн багтсан байна.
Үүнээс гадна, хориг арга хэмжээнд хамруулах хүмүүсийн дунд Роман Абрамович, Алишер Усманов, Олег Дерипаска, Геннадий Тимченко зэрэг бизнесменүүд төдийгүй "Газпром"-ын Гүйцэтгэх захирал Алексей Миллер, "Роснефть" компанийн Гүйцэтгэх захирал Игорь Сечин, "ВТБ" банкны Гүйцэтгэх захирал Андрей Костин болон "ВЭБ.РФ" төрийн хөгжлийн корпорацийн Гүйцэтгэх захирал Игорь Шувалов нар байгаа аж.
Харин хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдээ "RT" агентлагийн Ерөнхий редактор Маргарита Симоньян, сэтгүүлч Владимир Соловьёв болон "Первый канал" телевизийн Гүйцэтгэх захирал Константин Эрнст нар бичигдсэн байна.
Тус хориг арга хэмжээний санал нь одоогоор зөвхөн эхний шатандаа явж байгаа бөгөөд Төлөөлөгчдийн танхимаас хараахан хянаагүй байгаа юм.
Эх сурвалж: TASS
Орчуулсан: Г.Энхсаруул
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.