Морь унасан хилийн харуулууд цагаачдыг мал амьтад шиг гол руу тууж байгааг харуулсан гэрэл зургууд ил болсны дараа АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас уг хэргийг шалгаж эхэлсэн байна.
Олон нийтийн сүлжээнд өргөн тархсан эдгээр зургуудаас харахад морь унасан алба хаагчид цагаачдыг Рио Гранде голын цаад эрэг рүү хөөж, цамцаар нь шүүрч, барьж авч байжээ. Үүнийг харсан иргэд энэхүү үйлдлийг хатуу шүүмжилж байгаа бөгөөд зарим хүн эдгээр гэрэл зураг АНУ-ын боолчлолын үеийн хүчирхийллийг санагдуулж байна хэмээн тэмдэглэсэн юм.
Тэгвэл тус улсын Дотоодын аюулгүй байдлын яамны Нарийн бичгийн дарга Алехандро Майоркас уг хүчирхийллийн хэргийг шалгах болсноо мэдэгдсэн байна. Түүний хэлснээр хилийн харуулууд гол гаталж байсан цагаачдын хөдөлгөөнийг зохицуулах гэж оролдож байсан гэнэ.
Хэргийг тодруулбал, голдуу Гаитигаас гаралтай 13 мянга орчим цагаач АНУ-Мексикийн хил дээрх гүүрний дор цуглараад байсан бөгөөд тэдний зарим нь гэр бүлийнхэндээ хоол хүнс авахаар хил давж, нааш цааш явж байсан аж.
Гэрэл зургуудыг авсан "AFP" агентлагийн гэрэл зурагчин Пол Ратже "Зарим цагаач морь унасан харуулуудыг тойрон гарах гэж оролдон, гүйж эхэлсэн. Энэ үед нэг офицер цагаачдын нэгийг цамцнаас нь барьж аваад чирсэн" хэмээн ярьжээ.
Харин АНУ-ын Хилийн цэргийн дарга Раул Ортиз холбогдох харуулуудыг "хүлээн зөвшөөрөх боломжгүй" үйлдэл гаргасан эсэхийг шалгаж байгаа гэж мэдэгдсэн хэдий ч алба хаагчид хүнд нөхцөлд ажиллаж, цагаачдыг хууль бус наймаачдаас ялгахыг оролдож байгаа гэдгийг онцлон хэлсэн байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.