Испанийн Канарын арлууд дахь Ла Палмагийн галт уул өнгөрөгч ням гарагт дэлбэрснээс хойш галт уулын халуун хайлмаг далай руу чиглэн урсаж байгаа бөгөөд албаныхан өөр нэг тосгоныг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ.
Кумбре Виежа галт уулын дэлбэрэлт болсон Эль Пасогийн 6,000 гаруй оршин суугчийг аюулгүй газарт хүргэсэн бөгөөд одоо тус тосгоны олон зуун байшин халуун хайлмагт дарагдаад байгаа аж. Үүнээс хойш албаныхан дахин гурван тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлэн, түр хоргодох байранд хүргээд байгаа юм.
Галт уулын дэлбэрэлтийн дараахан Ла Пальма арал дээр дөрвөн удаагийн газар хөдлөлт болсон билээ. Тэгвэл галт уулын хайлмаг удахгүй далайн усанд хүрэх бөгөөд энэ нь дэлбэрэлт үүсгэж, хорт хий ялгаруулдаг химийн урвалыг өдөөж болзошгүй гэж орон нутгийн эрх баригчид мэдэгджээ.
Бүс нутгийн удирдагч Ангел Витор Торресын хэлснээр орон нутгийн Онцгой байдлын албанаас халуун хайлмаг далай руу урагшилж байгаа явдлыг зогсоохын тулд юу ч хийж чадахгүй аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.