БНХАУ нь дэлхийн хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч орон юм. Нью-Йоркод болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дахь удаагийн чуулга уулзалтын гол хэлэлцүүлгийн эхний өдөр БНХАУ-ын дарга Си Зиньпин видео бичлэгээ илгээн үг хэлж, илтгэл тавилаа. Хятадын даргын энэ удаагийн илтгэлд дэлхийн хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч орны хувьд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх шинэ төлөвлөгөө боловсруулсан гэдгийг онцолжээ.
Тэрээр Хятад хилийн чанадад нүүрсээр галладаг эрчим хүчний төсөл дахин хэрэгжүүлэхгүй гэсэн амлалтыг өгсөн байна. Мөн ногоон болоод нүүрстөрөгчийн хий бага ялгаруулдаг төсөл хөтөлбөрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дахь чуулганд дэлхийн 100 гаруй улсын төр засгийн удирдагчид биечлэн оролцож байна. Коронавирусын халдварын улмаас чуулган долоо хоног үргэлжлэх ба хурлын танхимд орох зочдын тоог хязгаарлаад байгаа юм.
Чуулганы эхний өдөр Хятадын дарга Си Зиньпинээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үг хэлсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес дэлхийн тэргүүлэх хоёр гүрэн цаг уурын өөрчлөлтийн эсрэг зоримог алхам хийж байгаад талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.