АНУ, Их Британи болон Австралийн хамтран байгуулсан "Аукус" аюулгүй байдлын шинэ гэрээг БНАСАУ-ын зүгээс шүүмжилж, энэхүү түншлэл нь "цөмийн зэвсгийн уралдаан"-ыг өдөөж магадгүй гэж мэдэгджээ.
Тус улсын Гадаад хэргийн яамны албан тушаалтан "Аукус хэлэлцээр нь Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, цөмийн зэвсгийн уралдааны гинжин хэлхээнд нөлөөлөх туйлын аюултай үйлдэл юм" хэмээн тэмдэглэсэн байна. Умард Солонгосын албаныхан түүнчлэн Францын өмнө хийсэн мэдэгдлийг иш татсан бөгөөд уг хэлэлцээрийг "нуруу руу нь хутгалсан" явдал гэж нэрлэсэн бөгөөд энэ нь холбоотнуудын хооронд "ноцтой хямрал" үүсгэсэн гэж онцолжээ.
БНХАУ мөн уг нэгдлийн эсрэг байгаа бөгөөд тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицзянь "Энэ түншлэл нь бүс нутгийн энх тайвныг ноцтойгоор сүйтгэж, зэвсгийн уралдааныг эрчимжүүлэх эрсдэлтэй" гэж мэдэгдсэн юм.
Үүний хариуд Пхеньяны талаас "Хятад улс "Аукус"-ыг бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сүйтгэсэн хариуцлагагүй үйлдэл хэмээн буруушааж байгаа нь зүй ёсны хэрэг" хэмээн дэмжсэн байна.
Гэхдээ Умард Солонгос улс өнгөрсөн долоо хоногт холын тусгалтай далавчит пуужин болон баллистик пуужингийн хоёр том зэвсгийн туршилт хийсэн билээ.
Сонирхуулахад, "Аукус"-ын хүрээнд АНУ шумбагч онгоцныхоо технологийг сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаагаа бусад улс орнуудтай хуваалцах бөгөөд өмнө нь энэ мэдээллийг Их Британитай нэг удаа л хуваалцаж байжээ.
Эх сурвалж: BBC
Орчуулагч: Г.Энхсаруул
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.