Камбожийн иргэн 16 настай Как Сованн Чхай өнгөрсөн зургадугаар сараас хойш гэрийнхэнтэйгээ огт уулзаагүй байна. Тэр хамгийн сүүлд Телеграмд улсынхаа эрх баригч намын гишүүдийг шүүмжилсэн үг хэлжээ. Хүүг баривчлан саатуулсан бөгөөд НҮБ-ын шинжээчид уг мэдээг ихэд цочирдон хүлээж авч, хүүг нэн даруй суллахыг хүсчээ.
Как Сованн Чхай хүүгийн амьдрал амар байсангүй. Тэр аутизмтай төрсөн бөгөөд есөн нас хүртлээ гэр бүлийнхэнтэйгээ бараг ярьдаггүй байжээ. Нийслэл Пном Пен хотын сургуульд сурдаг ч хүүхдүүд түүнийг үргэлж шоолно. Тэр өдрийн цайны цагаа ихэвчлэн ганцаараа өнгөрөөж, тоглоомын талбайн хог цэвэрлэж цаг нөхцөөнө.
Хүүгийн ээж Прум Чанта хүний эрхийг хамгаалагч бөгөөд хүүтэйгээ ярилцахад өмнөөс нь ганц, хоёр үг л хэлдэг байжээ. Хэдийгээр Сованн Чхай үг дуу цөөтэй ч улс төр, түүхийг маш их сонирхдог байна. Түүний аав Как Комфеар Камбожийн үндэстнийг аврах намын ахмад гишүүн бөгөөд одоо мөн л баривчлагдсан байгаа юм.
Хүү Телеграм апп дээр групп чатанд маргаан хийснээсээ болж гэрийнхэнтэйгээ гурван сарын турш уулзаагүй. Тэр Канад улсад амьдарч байгаа эрх баригч намын гишүүнийг урван тэрслэгч гэж дуудсаныг эрх баригчдад хүргэжээ. Уг маргаанаас ердөө цагийн дараа цагдаагийн 20 орчим офицер гэрийг нь бүсэлж, зургаа нь зөвшөөрөлгүй нэвтэрч, Сованн Чхайг гавлан машинд суулгаад явсан байна. Офицеруудын зарим нь АК-47 буугаар зэвсэглэсэн байжээ.
Хүүг Засгийн газрын удирдагчдыг доромжилсон хэрэгт буруутгаж хоёр жил хүртэл хорих ял оноохоор шийдвэрлэжээ. Чхай өмнө нь 10 дугаар сард баривчлагдаж байсан бөгөөд түүнийг сөрөг хүчний намын туг далбааг цуглуулж, өрөөндөө өлгөсөн хэрэгт буруутгаж, удалгүй сулласан байна. Мөн дөрөвдүгээр сард хоёр эрэгтэй түүнийг тоосгоор цохиж, тархиндаа гэмтэл авсны улмаас эмнэлэгт хүргэгдэж байжээ.
Камбожийн Ерөнхий сайд Хун Сен 36 жилийн турш төрийн эрхийг атгаж, өөрийг нь эсэргүүцсэн олон зуун тэмцэгчийг шоронд суулгасан юм.
Сованн Чхайтай уулзахыг зөвшөөрсөн цорын ганц хүн бол түүний өмгөөлөгч Сам Соконг. Өмгөөлөгчийн хэлснээр хүү унтаж чадахгүй байгаа бөгөөд шөнөжин суугаараа дуулдаг тул хорих газрын бусад хоригдлууд түүнд үргэлж дургүйцдэг байна. Хүүг аутизмтай гэдгийг харгалзаж үзэн шийтгэлийг нь хөнгөлөхийг шүүхээс хүссэн боловч хүсэлтийг хүлээж авахаас татгалзжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.