Утсан гахайн мах, хиам, хот дог, лаазалсан мах зэрэг амт, хадгалалтын зорилгоор ямар нэгэн байдлаар боловсруулсан махны хэт их хэрэглээ нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэж мэргэжилтнүүд үздэг болохыг Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас нийтэлжээ.
Эрдэмтэд олон тооны судалгаагаар боловсруулсан мах болон олон төрлийн хорт хавдар, зүрхний өвчин, чихрийн шижин зэргийн хоорондын холбоог олж тогтоосон байна. Гэхдээ хэр их хэмжээний боловсруулсан мах аюулгүй болох, мөн боловсруулсан махны төрлүүд эрсдэлийн хувьд ялгаатай эсэх нь тодорхойгүй байгааг шинжээчид тэмдэглэж байгаа юм.
Жишээлбэл, эрдэмтдийн судалгаа нь боловсруулсан улаан мах болон цацагт хяруул, тахиа гэх мэт боловсруулсан цагаан махыг хооронд нь ялгаж авч үздэггүй бөгөөд нитраттай болон нитрат агуулаагүй махыг ч мөн адил ялгадаггүй аж.
Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Хоол тэжээлийн тэнхимийн дарга, Хоол тэжээл, тархвар судлалын профессор Фрэнк Ху энэ талаар "Одоогийн нотолгооноос харахад боловсруулсан махны хэрэглээ өндөр байх тусам архаг өвчин, нас баралтын эрсдэл өндөр байх болно. Гэхдээ боловсруулсан махыг хааяа нэг, жишээ нь сард нэг эсвэл хоёр удаа идэх нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах магадлал багатай юм" хэмээн тэмдэглэжээ.
Эх сурвалж: www.hsph.harvard.edu
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.