Тайландын нийслэл Бангкок хотын автомашины зогсоолууд өнгөлөг таксинуудаар дүүрсэн бөгөөд цар тахлын хөл хорионы улмаас аргаа барсан иргэд эдгээр машины дээвэр дээр хүнсний ногоо тарих болсон байна.
Тус улсын коронавирусийн хязгаарлалтын улмаас хотын гудамж, зам талбай эзгүйрсэн бөгөөд улмаар таксины жолооч нар ажилгүй болсон аж. Орлогогүй болсон жолооч нар хотоос гарч, төрөлх тосгон руугаа буцах болсон бөгөөд "Таксины оршуулгын газар" гэж нэрлэгдэх болсон зогсоолын талбайнууд эзэнгүй таксигаар дүүрчээ.
Тэгвэл нэгэн таксины компани эдгээр машинуудын дээврийг жижиг ногооны талбай болгон ашиглаж байгаа бөгөөд энэ нь ажилгүй болсон жолооч болон бусад ажилтнуудад хоол хүнсний дэм болно гэж найдаж байгаа аж.
"Ratchaphruek Taxi Cooperative" компанийн ажилтнууд машинуудын дээвэр дээр бяцхан цэцэрлэг байгуулахдаа хулсны модоор хүрээ хийж, хар хогийн уут дэвсэн, хөрсөөр хучиж бэлтгэсэн байна. Дараа нь тэд чинжүү, өргөст хэмх, байцаа зэрэг төрөл бүрийн хүнсний ногооны үрийг суулган, тарьж ургуулж байгаа аж. Эдгээр ногоог таксины жолооч нарт өгөх бөгөөд илүү гарсныг нь орон нутгийн зах дээр зарахаар төлөвлөж байгаа юм.
Бангкок дахь таксины зах зээлийн ихэнх хэсэг нь аялал жуулчлалаас хамаардаг учир цар тахлын хатуу хязгаарлалтын улмаас бараг зогсонги байдалд оржээ. Таксинууд дээр ногоо ургуулж байгаа иргэд "Ерөнхий сайд аа, бидэнд туслаач" гэсэн тэмдгийг машин дээрээ байрлуулсан байна.
Таксины компанийн эзэмшигчдийн нэг Тхапакорн Ассавалерткун энэ талаар "Энэ бол бидний сүүлчийн сонголт. Олон машин их хэмжээний зээлийн үлдэгдэлтэй хэвээр байгаа. Дээвэр дээр нь хүнсний ногоо тарьж ургуулах нь таксинуудыг гэмтээхгүй бөгөөд машинуудын ихэнх нь аль хэдийн засварлах аргагүй эвдэрч гэмтсэн байгаа. Хөдөлгүүр нь эвдэрч, дугуй нь хагарсан байгаа. Бидэнд өөр хийж чадах юм байхгүй" хэмээн ярьжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.