СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Аукус": Франц улс АНУ, Австралид суугаа Элчин сайдуудаа эгүүлэн татжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Австрали улс АНУ, Их Британитай аюулгүй байдлын шинэ гэрээ байгуулахын тулд Францаас олон тэрбум ам.долларын шумбагч онгоц худалдаж авах гэрээгээ цуцалсан билээ.

Харин Ерөнхий сайд Скотт Моррисон Австралийг худал хэлсэн гэсэн шүүмжлэлийг няцааж, тус улсын зүгээс гэрээгээ цуцлах магадлалтай гэдгийг Франц улс мэдэж байсан хэмээн мэдэгдсэн байна.

“Аукус” гэрээний дагуу Австрали улс цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц бүтээх технологийг хүлээн авах бөгөөд энэ нь Өмнөд Хятадын тэнгис дэх БНХАУ-ын нөлөөг эсэргүүцэх зорилготой юм.

Гэвч уг түншлэлийн улмаас Франц болон Австралийн хоорондох 37 тэрбум ам.долларын гэрээ цуцлагдсан билээ. 2016 онд байгуулсан тус гэрээнд зааснаар Франц улс Австралид нийт 12 энгийн шумбагч хөлөг онгоц бүтээж өгөх байсан юм.

Ерөнхий сайд Скотт Моррисон өнгөрөгч ням гарагт хийсэн мэдэгдэлдээ Францын тал сэтгэл дундуур байгааг ойлгож байгаа хэдий ч тэрээр Австралийн байр суурийг үргэлж тодорхой илэрхийлсэн хэмээн онцолжээ.

Тэрээр "Бид энэ асуудлын талаар маш их санаа зовж, гүн гүнзгий эргэлзээтэй байсныг Францын Засгийн газар сайн мэдэж байсан. Учир нь эдгээрийг Австралийн татвар төлөгчид маш их зардал гарган бариулна. Ингээд бид боломжтой байсан хамгийн сайн тагнуул, батлан хамгаалах зөвлөмжид үндэслэн стратегийн дүгнэлт хийн, Францын шумбагч онгоцнууд бидний шаардлагыг биелүүлж чадахгүй гэж үзсэн" гэж ярьжээ.

Үүнээс өмнө Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан "France 2" телевизэд өгсөн ярилцлагадаа Австрали улс "худал хэлж, хоёрдмол байдал гарган, итгэлцлийг үл тоомсорлосон" хэмээсэн юм. Тэрээр мөн "нөхцөл байдлыг дахин үнэлэхийн тулд" АНУ, Австралид суугаа Элчин сайдуудаа эгүүлэн татах болсноо мэдэгдсэн хэдий ч Их Британид суугаа Элчин сайдыг эгүүлэн татах "шаардлагагүй" хэмээн дурджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ойрын өдрүүдэд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хэлэлцээр хийх төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: BBC

Орчуулагч: Г.Энхсаруул

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.