Их Британийн ханхүү, Эдинбургийн гүн Филип агсны гэрээслэлийг Хатан хааны "нэр төр, байр суурийг" хамгаалахын тулд дор хаяж 90 жилийн турш нууц хэвээр хадгалах болно гэж тус улсын Дээд шүүхээс шийдвэрлэжээ.
Хааны гэр бүлийн ахмад гишүүн нас барсны дараа тэдний гэрээслэлийг шүүхээс битүүмжилдэг бөгөөд энэ нь 100 гаруй жилийн турш уламжлагдан ирсэн заншил юм. Ингэснээр тэдний гэрээслэл олон нийтэд дэлгэгдэхгүй бөгөөд 90 жилийн дараа ч битүүмжлэлийг нээх эсэхийг шийдэх хаалттай үйл явц болох аж.
Ханхүү Филипийн гэрээслэлийг битүүмжлэх сонсголыг Их Британийн Гэр бүлийн шүүхийн ахлах шүүгч Эндрю МакФарлэйн удирдан явуулсан байна. Тэрээр хэвлэл мэдээллийн байгууллагуудад гэрээслэлийн талаар мэдээлэл өгөх ямар ч хууль эрх зүйн шалтгаан байхгүй гэж шийджээ.
90 жилийн дараа Ханхүү Филипийн гэрээслэлийг Хааны гэр бүлийн хувийн өмгөөлөгч, Хааны архивын хадгалагч, Ерөнхий прокурор болон хувийн төлөөлөгчид нь нээж, шалгах аж. Эдгээр хүмүүс гэрээслэлийг олон нийтэд дэлгэх эсэхийг шийдэх бөгөөд зарим Хааны гэр бүлийн гишүүдийн гэрээслэл хэзээ ч олон нийтэл ил болохгүй гэж шүүгч Эндрю МакФарлэйн тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.