БНСУ-ын "Samsung Electronics" компанийн удирдагч И Жэ Ён шоронгоос суллагдсанаасаа хойш нэг сарын дараа бизнесийн үйл ажиллагаандаа албан ёсоор оролцож эхэлжээ.
Тэрээр өнгөрөгч мягмар гарагт Ерөнхий сайд Ким Бү Гёмийн хамт "Samsung"-ийн Залуучуудын программ хангамжийн академид болсон "ON" төслийн арга хэмжээнд оролцсон байна. Энэхүү уулзалтын дараа И Жэ Ён ойрын гурван жилийн хугацаанд компанийнхаа нийгмийн хариуцлагын хөтөлбөрийн хүрээнд ажил хайгч залууст зориулан 30 мянган нэмэлт ажлын байр бий болгоно гэж амлажээ.
Үүнээс өмнө "Samsung" компани 40 мянган ажлын байр бий болгоно гэж мэдэгдээд байсан бөгөөд ийнхүү ирэх гурван жилийн хугацаанд нийт 70 мянган ажлын байр бий болгохоор төлөвлөж байгаа аж.
И Жэ Ён өнгөрөгч 8 дугаар сарын 13-ны өдөр хугацаанаасаа өмнө суллагдсан бөгөөд энэ нь түүний анхны бизнесийн уулзалт болсон юм. Гэвч түүний албан үүрэгтэй эргэн орсон явдлыг Өмнөд Солонгосын иргэний бүлгүүд хүчтэй эсэргүүцэж байгаа билээ.
Харин Ерөнхий сайдын зүгээс И Жэ Ёныг бизнесийн хэвийн үйл ажиллагаандаа эргэн очсоныг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр "И Жэ Ён аль хэдийн шоронгоос суллагдсан бөгөөд түүнийг бизнес эрхлэхийг хориглох нь зохистой арга хэмжээ биш. Олон нийтийн зүгээс түүн шиг хүмүүст илүү өндөр стандарт тавьдаг хэдий ч түүний бизнес эрхлэх боломжийг хасах нь шударга бус алхам гэж үзэх хүмүүс ч бий" хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.