Талибаны эрх баригчид төрийн эрх барьсан даруйдаа боловсролын салбарт хийж буй томоохон өөрчлөлт нь хүйсээр ангилж сургах юм. Эрх баригчид Афганистаны их дээд сургуулиудад эрэгтэй, эмэгтэй сурагчдыг нэг анги, хичээлд суулгахгүй байх шийдвэр гаргажээ. Мөн хуулинд зөвшөөрөгдсөн хувцасны загварыг дахин шинэчилж, охид эмэгтэйчүүд толгойдоо заавал хижаб зүүх ёстой болжээ.
Дээд боловсролын сайд Абдул Баки Хаккани эмэгтэйчүүдийг сурах, хөдөлмөр эрхлэхийг нь зөвшөөрөх ч эрчүүдээс ангид тусдаа байх ёстой гэдгийг хэлсэн байна. Энэ нь 1996-2001 онд Талибаны засаглалын үед мөрдөгдөж байсан дүрэм журамтай харьцуулахад илүү уян хатан шийдвэр ажээ. Учир нь тухайн үед төр засаглахдаа талибчууд охид эмэгтэйчүүдийг бүрэн дунд боловсрол эзэмших, их дээд сургуульд сурахыг хатуу хориглож байсан юм.
Энэ удаад сургуулийн багтаамж, багш нарын хүрэлцээ, бусад нөөц боломжоос шалтгаалж аль болох охид, хөвгүүдийг тусад нь сургана гэдгийг ноён Хаккани мэдээлсэн. Мөн охидод эрэгтэй багш нар хичээл заахдаа хөшигний араас, аль эсвэл комьпютер технологи ашиглах юм байна. Их дээд сургуулиудаас гадна бүрэн дунд боловсролын сургуулиудад ч мөн хүйсээр ангилж хичээл оруулна.
Өнгөрсөн бямба гарагт Кабул дахь Ерөнхийлөгчийн ордонд Талибаны далбааг албан ёсоор мандуулснаар бүрэн засаглалаа эхлүүлсэн гэдгээ зарлажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.