ОХУ-ын Эрхүү мужид "L-410" загварын зорчигч тээврийн нисэх онгоц осолдон, дөрвөн хүн нас баржээ. Онгоцонд 14 зорчигч, багийн хоёр гишүүн байсан аж.
Ослын дараа орон нутгийн аврагчид шуурхай ажиллаж, өтгөн манан дундаас онгоцыг хурдан олж чадсан бөгөөд онгоц дотор гацсан бүх хүнийг гаргаж авсан гэж Оросын Онцгой байдлын яамнаас мэдээлсэн байна. Бэртэж, гэмтсэн 12 зорчигчийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн ба гурван хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ.
"L-410" онгоц одоо Киренга мөрөнд хэвтэж байгаа бөгөөд ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос агаарын аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж.
Эрхүү мужийн Захирагч Игорь Кобзев "Бид эцсээ хүртэл хамгийн сайн сайхан үр дүнд найдаж байсан. Харамсалтай нь гайхамшиг тохиолдсонгүй. Нийт дөрвөн хүн амиа алдсан бөгөөд тэдний дунд онгоцны нисгэгч байсан. Нас барсан иргэдийн ар гэр, найз нөхдөд нь эмгэнэл илэрхийлье. Ослын улмаас амиа алдсан хүмүүсийн төлөө 9 дүгээр сарын 15-ны лхагва гарагт гашуудал зарлах болно" хэмээн мэдэгдсэн байна.
Мөн түүний хэлснээр ослын улмаас амь үрэгдэгсэд болон шархадсан хүмүүсийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.