БНАСАУ өнгөрсөн амралтын өдрүүдэд шинэ төрлийн алсын тусгалтай далавчит пуужингаа амжилттай туршсан гэж тус улсын хэвлэлүүд өнөөдөр мэдээлэв.
Уг туршилтын өмнөхөн тус улс нь томоохон хэмжээний цэргийн жагсаал зохион байгуулсан билээ. Энэхүү далавчит пуужингийн туршилт нь НҮБ-ын хоригийг зөрчихгүйгээр цэргийн хүч чадлаа харуулж, доод түвшний өдөөн хатгалга хийх зорилготой байсан гэж шинжээчид таамаглаж байгаа юм.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэд хэдэн тогтоолын дагуу Умард Солонгос улсыг баллистик технологи ашиглахыг хориглосон билээ. Харин далавчит пуужин нь баллистик пуужингаас бага аюул заналхийлэлтэй гэж тооцогддог тул хориг арга хэмжээнд хамрагддаггүй аж.
Умард Солонгосын төв мэдээллийн агентлагаас "Алсын тусгалтай далавчит пуужингийн хөгжүүлэлтийг сүүлийн хоёр жилийн турш хийсэн. Пуужингийн хөдөлгүүр, нислэг, удирдлага болон эд ангиудын нарийвчилсан туршилтыг амжилттай гүйцэтгэсэн" хэмээн мэдэгджээ.
Тус далавчит пуужин нь 1,500 км-ийн зайд байгаа байг оновчтой онох чадвартай бөгөөд туршилтын үеэр 7,580 секундийн турш ниссэн байна.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.