СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ажилгүй уйтгарласнаас болж Tik Тok татаж аваад алдартай блогч болсон түүх

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

2020 оны хавар Сенегал гаралтай итали залуу Хабане /Хаби/ Лейм цар тахлаас болж үйлдвэр дэх ажлаа алджээ. Тэрээр уйдснаасаа болж алдартай лайфхакуудыг шоглосон богино хэмжээний бичлэг хийж эхлэв. Хэдхэн сарын дотор тэрбээр Тик Ток-ийн алдартай блогерчдын нэг болжээ. Одоогоор түүний хуудсыг 107 сая хүн дагаж байна. Леймийн нэр хүнд олон талаараа гайхалтай юм. Түүнд продюссер, маркетлогчдын баг байхгүй, тэр хэзээ ч реклам, дагагчид худалдаж авч байгаагүй. Ажилгүй Сенегал залуу яаж интернэт одын нэг болж чадав аа?

Тэрбээр таалагдах гэж хичээдэггүй 

Хабигийн хуудас одоогоор ТикТок-ийн хамгийн алдартай хоёр дахь хуудас юм. Түүний өмнө 17 настай Америкийн бүжигчин Чарли Д Амелио 122 сая дагагчтайгаараа тэргүүлдэг. Чарли ТикТок-ийн 100 сая дагагч давсан анхны алдартан юм. Гэхдээ түүнийг гүйцэж шинэ амжилт тогтоох бүх боломж Леймд бий. Цахим сүлжээний статистикийг хянаж байдаг Social Blade цахимын мэдээлснээр сүүлийн нэг сар 21 настай Леймийг 12 сая хүн нэмж дагажээ. Түүний өрсөлдөгч америк бүсгүйг энэ хугацаанд хоёр сая хүн дагажээ. Лейм ээж аавтайгаа хамт амьдардаг бөгөөд ихэнх бичлэгээ өрөөндөө хийдэг байна. Тэр ТикТок хаусанд амьдарч байгаагүй, бусад блогчоос тусламж хүсэж байгаагүй, хэзээ ч лайк худалдаж авч байгаагүй. “Тэр таалагдах гэж их хичээдэггүй учраас хүмүүст таалагддаг” гэж блогерч Шодри The New York Times-д өгсөн ярилцлагадаа хэлжээ. Медиа менежер Адам Мескури The New York Times-д өгсөн ярилцлагадаа ихэнх хэрэглэгч “Сайхан харагдахын тулд юу хийх вэ гэсэн инфлюэнсэрүүдээс залхжээ. Гэтэл Хаби гэж сонирхолтой энгийн залуу гараад ирэх нь тэр. Бусад блогерчийг бодвол чамтай адил төстэй зүйл түүнд их бий” гэж хэлсэн байна.

Нүүрний хувирал дохио зангаандаа учир нь бий

Хамгийн анх тэрбээр пранк видеог шоглосон бичлэг хийж олны танил болсон. Пранк бичлэгт хэн нэгэн цэцгийн хүлэмжинд бүсгүйг дугуйны цоожоор цоожлоод явчихдаг. Бүсгүй хөлөө гаргаж авах гэсэн ч чаддаггүй. Лейм хариуд нь гутлаа тайлаад өөрийгөө суллаж байгаа бичлэг хийжээ. Энэ бичлэг арваннэгдүгээр сарын 30-нд түүний хуудаснаа тавигдсаны дараа 3.7 сая хүн үзсэн байна. Түүний постон доор хүмүүс иймэрхүү бичлэг их оруулан, тэнэг пранк бичлэгүүдийг шоолж байлаа. Үүний дараа Лейм иймэрхүү хэрэггүй лайфхакийг шоолсон бичлэг ТикТок-т хийх болов. Хөргөгчинд тагтай сав багтахгүй бол бариулыг нь мулталж аваад, тагаа доош нь харуулж тавиад, бариулыг нь дээр нь тавих бичлэгийн хариуд тэрбээр зүгээр л тагаа бариултай нь доош нь харуулж тавьсан бичлэг оруулжээ. Энэ бичлэгийг 108 сая хүн үзсэн байна. 

Бас нэг бичлэг дээр пиццаны зүсэм салгаж авахдаа хайрцаг дотор нь байдаг цагаан хуванцар зүйлийг ашиглаж байж. Үүний хариуд Лейм зүгээр гараараа пиццаны зүсэм авч байгаа бичлэгийг 234 сая хүн үзжээ. “Сургуулиас илүү би түүнээс их зүйлийг сурч байна”, “Тэр энэ дэлхийд дэндүү суут юм”, “Хаби яаж зөв пицца идэхийг харуулах гэж зориуд пицца худалдаж авчээ” гэх мэт түүний зөвлөгөөгөөр бахархсан коммент олон байдаг. Ихэнхдээ тэр бичлэгтээ юм ярьдаггүй. Үүний оронд дэлхийн аль ч өнцөг буланд байгаа хүн үзээд ойлгохоор үйл хөдлөлийг ашигладаг. “Бүх учир нь нүүрний хувирал дохио зангаанд бий. Ямар ч хүн үзээд ойлгоод, инээдэг” гэж Лейм The New York Times-д өгсөн ярилцлагадаа хэлжээ. Бичлэг бүрийн төгсгөлд гараа дэлгэж харуулдаг нь түүний нэрийн хуудас болон хувирч. Энэ хөдөлгөөн нь цахим орчинд мэм болон хувирч. Хүмүүс хэрэггүй, тэнэг зүйлд дүгнэлт өгөхдөө түүний зургийг ашигладаг болж. Түүний хамгийн их үзсэн (274 сая) бичлэг бол гадил цэвэрлэж байгаа лайфхакийн хариу. Гадилын хальсыг цэвэрлэхдээ хутга ашигласны хариуд Лейм зүгээр гараараа цэвэрлэж үзүүлжээ. Тавдугаар сард тэрбээр Италийн алдарт хөлбөмбөгч Алессандро Дель Пьеротой бичлэг хийсэн байна. Нүцгэн гараараа алим хоёр хуваах гэж оролдож байгаа бичлэгийн хариуд тэрбээр алимыг хутгаар зүсээд Пьерод өгч байгаа бичлэг юм. 

Тогтмол ажилтай болсон нь

Олон орны шүтэн бишрэгчид нь түүнийг “лайфхак сүйтгэгч”, “Тик Ток-ийн анти-лайфхакчин” гэж нэрлэдэг. Интернэтэд түүний фэн хуудаснууд англи, герман, испани, португали, араб хэл дээр байдаг. Мөн тэрбээр том брэндүүдтэй хамтарч ажиллан мөнгө авдаг. Жишээлбэл, саяхан шүдний ооны “Barilla” компанитай хамтарч ажиллаж эхэлсэн. “Миний ажил сайн явааг би саяхан ойлгосон. Би арай гэж тогтмол ажилтай боллоо. Дэлхийд нэрд гарах нь давуу талтай. Би их эрэлттэй байгаа” гэж Лейм ярьж байна. Яг хэдэн ам.долларын орлоготойгоо нууцлахыг хүсдэг. Тэр мөнгөө цуглуулж байгаад ээждээ том байшин авч өгнө гэж ярьдаг байна. 

Өөрийгөө Итали хүн гэж боддог

Түүний гэр бүл Сенегалаас 2001 онд Итали руу нүүж ирсэн. Хүүхэд нас нь үйлдвэр хөгжсөн Пьемонт мужийн Кивассо коммунд өнгөрчээ. Сургуулиа төгсөөд найзуудын адил үйлдвэрт ажилд орсон. Гэвч 2020 оны хавар түүний дөнгөж эхэлж байсан карьер зогсон, цар тахлаас болоод ажлаасаа халагджээ. Огт мөнгөгүй болсон тэрбээр аав ээжийндээ эргэн ирж, дүүтэйгээ нэг өрөөнд амьдрах болов. Уйдснаасаа болоод цахим орчноор их сэлгүүцдэг, аав ээж нь үглэж байсан ч ажил хайх гэж яардаггүй байлаа. Гуравдугаар сард тэрбээр Тик Ток-т хуудас нээн, инээдмийн бичлэг оруулж эхэлснээр удалгүй нэрд гарчээ. Хаби алдарт гарсан ч зарим нэг асуудал шийдэгдээгүй байна. Тэрбээр бараг төрсөн цагаасаа Италид амьдарч, сургуульд сурч, “Ювентус” багийг дэмждэг ч Италийн иргэншил авч чадаагүй байна. Дүрвэгчдийн хүүхдүүд төрсөн цагаасаа Италид амьдарч байгаа бол зөвхөн 18 нас хүрсний дараа иргэншил авдаг байна. Өөр улсад төрсөн бол иргэншил авах их амаргүй. Өмнө нь тэрбээр өөрийгөө итали гэдгийг мэдрэхийн тулд бичиг, баримт хэрэггүй гэж үздэг байсан. Гэвч АНУ-ын визэнд орох болтол их бичиг баримтын асуудал үүсэв. Үүний дараа тэр “Би хотын дарга биш. Би хэн ч биш, би хуулийг өөрчилж чадахгүй” гэж ярьсан байна. Хажуугаар нь тэрбээр цагаачдын хүүхдүүдийн асуудалд анхаарал хандуулж чадна гэж найдаж байна. Их алдарт гарсны дараа өөрөө нөхцөл байдалд нөлөөлж болно гэж үзэж байгаа аж. 

Арьс өнгөөр ялгаврлан гадуурхагчид намайг хэзээ ч гадуурхаж байгаагүй

The New York Times-д өгсөн ярилцлагадаа арьсны өнгөөс болж гадуурхагдаж байгаагүй гэсэн байна. “Арьс өнгөөр ялгаврлан гадуурхагчид хэзээ ч намайг гадуурхаж байгаагүй. Миний найзууд намайг хэнээр ч доромжлуулж байгаагүй. Бид эв найрамдалтай нэг бүлэг, олонх нь биднийг хүндэлж байсан” гэжээ. Гэсэн хэдий ч тэрбээр энэ бол ноцтой асуудал гэдэгтэй санал нийлдэг. Зургадугаар сард Италийн алдарт блогерч Кевин Гуззеттитэй нийгмийн туршилтад оролцон, өөр арьстай хүнд туслахад бэлэн хэр олон хүн байдгийг олж мэдэхээр шийджээ. Лейм гуйлга гуйж явахад, Гуззетти түүн рүү дайрч байгаа бичлэг хийж. 10 хүн тутмын нэг нь л хөндлөнгөөс оролцсон байна. Энэ бичлэгийг үзээд олон хүн үзэл бодлоо өөрчилнө гэж тэд найдаж байгаа аж. Нийгмийн асуудлыг их сонирхож байгаа ч тэрбээр блогийн сэдвээ өөрчлөхийг хүсэхгүй байна. Өөрийгөө цагаачдын эрхийн төлөө, арьсны ялгаварлан гадуурхалын эсрэг тэмцэгч гэж ойлгуулахаасаа илүү хөгжилтэй Тик Токерч гэж дуудуулахыг хүсэж байгаагаа хэлжээ. “Би Италийн анхны алдартай блогерч болсондоо баяртай байна. Гэхдээ бусадтай өрсөлдөхгүй. Би үүний төлөө хуудас нээгээгүй” гэжээ. Тэрбээр өөрийн шүтэн бишрэгчээ Уилл Смит, Эдди Мерфи, Италийн хошин шогч Кекко Залонег нэрлэжээ. Мөн өөрийгөө тэдний адил түүхэнд нэрээ үлдээнэ гэдэгтээ итгэдэг гэсэн байна. 

Эх сурвалж: www.lenta.ru

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.