АНУ-ын Флорида мужийн Маяамигийн ойролцоо орших 12 давхар барилга өнгөрөгч 6 дугаар сарын 24-нд нуран, 98 хүний амийг авч одсон билээ. Тэгвэл энэхүү эмгэнэлт явдлын хохирогчдын хувийн мэдээллийг хулгайлан, зээлийн картаар нь хэдэн арван мянган ам.долларын худалдан авалт хийсэн гурван этгээдийг орон нутгийн цагдаа нар баривчилжээ.
Гурван сэжигтэн нь 30 настай Бетси Александра Качо Медина, 38 настай Родни Чоут болон 34 настай Кимберли Мишель Жонсон нар аж. Албаныхан тэднийг бусдын хувийн мэдээллийг хулгайлан, зээлийн картын луйвар хийж, зохион байгуулалттай залилан үйлдсэн зэрэг хэд хэдэн гэмт хэрэгт буруутгаж байгаа юм.
Сэжигтнүүд барилгын нуралтын улмаас амиа алдсан таван хүн болон амьд үлдсэн хоёр хүний зээлийн картыг ашиглан тансаг брэндийн гар цүнх, гутал ба бусад хэдэн арван мянган ам.долларын үнэтэй эд зүйлс худалдаж авсан байна. Цагдаа нар тэднийг мөн хэд хэдэн банкны шилжүүлэг хийсэн гэж таамаглаж байгаа юм.
Хэрэв сэжигтнүүдийг буруутай гэж үзвэл тэд 15-30 жилийн хорих ял сонсох аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.